Тамхичидтай дайн зарлах цаг болжээ буюу Тамхийг олон нийтийн газар татахыг хориглох хууль батлах цаг болжээ
Яагаад Европ Америкийн олон орнууд Тамхины асуудлыг хурцаар тавьж тамхийг олон нийтийн газар татах асуудлыг хориглох болсоны нэгэн шалтгаан нь сүүлийн үеийн олон судалгаагаар тамхины утаа зөвхөн тамхичнаа биш бас хажуу дахь хүнээ хүчтэй хордуулж байгааг нотолсон явдал билээ. Англи улс энэ 2 сарын 14 нээс Олон нийтийн газар таихи татахыг хориглох хулиа баталлаа.
Саяхныг хүртэл томоохон Тамхины үйлдвэрлэгчид Тамхины талаархи судалгаануудыг нуун дарагдуулах буюу судалгааны үр дүнгээс юуг нь хэвлэх юуг нь хэвлэхгүй байхад нөлөөлж байсан явдал юм. Үүний нэг жишээ нь Philip Morris компани Германд судлаачдын баг бүрэлдүүлж, судалгааны үр дүн Philip Morris- ийн бизнест нөлөөлхгүй байхаар зохицуулж чадсан байсныг Лондонгийн Их сургуулийн судлаач профессор Мартин МкКее 2002 онд гаргаж олон нийтэд ил болгосон юм . Тэрээр хэлэхдээ Тамхиний томоохон компаниуд судалгаанаас пассив смокинг буюу тамхичны эргэн тойрны хүмүүс хэрхэн хордож байгаа хэсгийг нийтлүүлэхгүй байхад маш их мөнгө хүч зарцуулж байсан нь нотлогдсон юм. Үүний тулд тэд судлаачдыг, хэвлэн нийтлэгчдийг худалдан авч, улмаар хэвлэгдэж чадсан судалгааны үр дүнг бодит биш хэмээн олон нийтэд итгүүлэх ажлыг маш амжилттай явуулсанаас саяхныг хүртэл тамхичны орчны хүмүүс хэрхэн хордож байгаа үнэн дүр зураг нууцлагдаж чаджээ.
Дэлхийн эрүүл мэндийн томоохон сэтгүүлүүд дээр хэвлэгдэж , судалгааны үр дүн нь үнэн бодит хэмээн нотлогдсон сүүлийн үеийн олон судалгаагаар тамхины утаа тамхичнаасаа илүү орчны хүмүүсийг ямар хүчтэйгээр хордуулж байгаа нь улам илүү тодрох боллоо. Тамхичны эхнэр хөхний хавдраар, уушигны хавдраар бас зүрхний инфарктаар өвчлөх явдал эрс нэмэгддэг бол тамхичин ээжээс төрсөн хүүхэд жин бага, амьсгалын замын өвчнөөр өвчлөмтгий бөгөөд тамхичны ахлах насны хүүхдүүд депресст өртөмтгий болохыг бас нотолж амжжээ. Швэдэд хийсэн судалгаагаар эцэг эх нь тамхичин ба тамхичин биш айлын хүүхдүүдийн цусанд дахь никотны хэмжээ 200 хувиар ялгаатай байгааг гаргаж иржээ. Зарим судалгаагаар тамхичин айлын тэжээвэр нохой муурнууд ч богино настай өвчлөмтгий гарч байгаа аж. Эхнэр нь тамхичин бол эр нь бэлгийн сулралтай болчих магадлал байгааг ч зарим судалгаагаар тогтоожээ. Тамхичин эрүүл мэндээрээ өөрөө хохирч үеийхнээсээ 10-20 насаар бага насалж, эрт залуудаа татаж эхэлсэн бол уушигны хавдарт өртөмтгий болж, дээр дурдсан зүрхийн инфаркт, ходоод, нарийн бүдүүн гэдэсний шархлаагаар өвчилж, астма, төвөнхийн үрэвсэл хавдар тамхичдын дунд өндөр гарч, бас бэлгий сулралтай болох бөгөөд ер нь тамхитай холбоогүй өвчлөл үлдээгүй төдийгүй зарим судлаачид ууц нуруугаар өвдөж хатгадаг хүмүүс бүгд тамхичид байгааг нотолжээ. Их британид хийсэн судалгаагаар архаг тамхичид харааны болон цээжний ой тогтоолт муу байгааг нотолсон бол, гэмтлийн эмнэлэгт ясаа хугалаад ирсэн өвчтөнүүдээс тамхичдын ясны бороололт муу байгааг нотолж үүний шалтгаан нь никотин ясны бороолотод чухал үүрэгтэй минералууд болон витамины зөөвөрлөлтийг багасгаж байгааг нотолсон бол, Шведэд хийсэн судалгаагаар сэтгэцийн шизофрени өвчний сэдрэлт нь архаг тамхичдын дунд элбэг байгааг нотолсон байна. АНУ-ын Филаделпид 7000 оюутан хамрагдсан судалгаагаар таихичин оюутнууд сурлагын хамгийн муу дүн үзүүлж байгааг нотолж тамхичид хар тамхи хэрэглэгч болох хамгийн өндөр магадлалтай байгааг харуулжээ.
Товчхондоо Тамхичин хүн өөртэйгээ цуг гэр бүл үр хүүхэд, бас цун ажилладаг хүмүүсээ, хажуугаараа өнгөрөх танихгүй хүнтэй цуг нь зөвхөн амьсгалын замын төдийгүй эрхтэн төдийгүй бусад бүх л эрхтэн систем үүнээс сэтгэц, хоол боловсруулах, цусны эргэлтийн төдийгүй хөдөлгөөний эрхтэн булчин ясыг нь хүртэл хордуулж байдаг хорт утааны яндан болох нь тод харагдаад байх юм.
Олон нийтийн газар тамхи татахыг хориглох хуулийг анхлан АНУ-ын муж улсад хэрэгжүүлсэн бөгөөд удалгүй Ирланд Финланд, Итали, Шинэ Зеланд, Норвег хэрэгжүүлж Их Британид энэ 3 сараас Шотландад хэрэгжүүлсэн бөгөөд Англид хойтонгийн 7 сараас хэрэгжүүлж эхлэх аж. Улс болгон өөрийн онцлогтойгоор хуулийг батлан хэрэгжүүлэх хугацаа болон цагийг нарийн тооцдог аж. Жишээ нь Шотландад 3 сард гадаа дулаарч хүмүүс гадаа тамхи татах боломжтой болсон үед хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хагас бүтэн сайнд эхлүүлсэн нь тамхичдыг амралтын өдрүүдэд зөвхөн гадаа тамхи татаж заншуулах гэсэн хэрэг аж. Ирланд гэхэд Айриш пуб-аараа зартай газрын хувьд пуб-нд тамхи татахыг хориглох нь бизнес эрхлэгчдэд ихээхэн хохиролтой хэмээн эсэргүүцэл их гарсан боловч бодит байдал дээр орлогод нөлөөлөөгүй аж. Англид олон нийтийн газар татахыг зохицуулахдаа хувийн машинд татахыг зөвшөөрч харин компаны бүртгэлтэй машинд татахыг хориглосон нарийн зохицуулалт хийсэн төдийгүй зөвхөн гишүүд нь ордог хувийн клубуудын эсэргүүцлийг үл харгалзан тэнд тамхи татахыг хориглосон аж. Хууль зөрчигчдөд мөнгөн торгууль ноогдуулж шаардлагатай бол баривчлах аж. Америкийн Калифорни мужид Олон нийтийн газар тамхи татахыг хориглох хуулийг анхлан хэрэгжүүлсэнээс хойш 2 жилийн дараа хийсэн судалгаагаар хүн амын 75 хувь нь энэхүү хуулийг сайшаасан тоо гарчээ.
Манай улс надад олдсон тоогоор 2001 онд 115 төрлийн 2.6 сая блок тамхи импортоор оруулж ирсэн нь иргэн бүр нэг блок тамхи татсан гэсэн үг болжээ. Энэ нь 1999 оныхтой харьцуулахад 30 хувиар өссөн бөгөөд саяхнаас өөртөө үйлдвэрлэдэг болсоныг оруулж тооцвол овоо өссөн тоо гарах байх. Тамхин дээр ноогдуулах татварыг нэмж үнийг өсгөж , насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглох нь бас чухал байх. Их Британид хайрцаг тамхи 10000 орчим төгрөгний үнэтэй бол Монголд 500 төгрөгөөр тамхи авч болж байна. Манай улс тамхийг суртачлахыг хориглосон хууль баталсан нь сайшаалтай болвч тамхины эсрэг сөрөн суртачилгааг хийхгүй байгаа төдийгүй тамхи таталтын тархалтын талаар тодохой судалгаа алга байна. Европын холбооноос 4 сарын 12 нд Герман болон Люксембург улсуудыг Тамхины зар суртачилгааны хуулийг хориглосон хуулиа батлахгүй байгаатай холбогдуулан сануулга явуулсан бөгөөд Тамхитай тэмцэх талаар сүүл мушгиж байгаа оронд Герман багтаж байна. Үүнтэй адил Монголд хэрэглэж байгаа Тамхин дээр бичсэн Тамхи таны насыг богиносгоно гэх зэрэг модон үгтэй суртачилгааг арай бодитоор жишээлбэл тамхичны уушигны зураг ч юмуу, эсвэл хүнд хүрэх үгээр аль эсвэл тамхинаас шалтгаалсан нас баралт, өвчлөлийн тоонуудыг нийтлэх мөн хошин зургуудаар ч хүргэх өөр аргуудыг бодмоор. Мөн залуусыг тамхичин болгохоос сэргийлэх сургалт суртачилгаа үгүйлэгдэж байнаа. Америкад залууст зориулсан хүчирхэг зар суртачилгаа нэг жилийн дотор 300000 залуусыг тамхичин болохоос сэргийлж чадсан тоог саяхан нийтэлж байна.
Олон нийтийн газарт тамхи татахыг хориглох гадны орнуудын хуулийг судлан өөрийн хуулийг батлахад оройтоно уу гэхээс эртдэхгүй болжээ. Тамхийг албан газар, хоолны газар цэнгээний газар татахыг хориглох нь тамхичдыг шахах төдийгүй шинээр татаж эхлэгчдэд тамхи татах орон зайгүй болгосноороо шинээр тамхичид төрөн гарах замыг хаах юм.
Хүний Их Эмч О. Батбаяр Лондонгоос бичиж ирүүлжээ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment