Британчууд бидний түүхээс суралцдаг хийгээд Тони Блайр юу хэлэв?
Хоёр жилийн өмнө өдийд санагдана, ВВС сувгаар Чингис Хааны тухай
Баримтат кино гарсан билээ. ВВС компанийн захиалгаар кино хийгдэнэ гэдэг өөрөө нэлээн том шалгуур давж байж бүтдэг зүйл. Хийсэн бүтээл нь өгөөж муутай, хүнд хэрэггүй зүйл болчихбол ихээхэн шүүмжилд өртөнө. Учир нь энэхүү суваг улсын төсвөөр санхүүжиж иргэдийн улс төр, эрүүл мэнд, гэр бүлийн гэх мэт олон төрлийн боловсролд төрөөс явуулж буй бодлогыг дэлгэцээр хүргэх үүрэгтэй гол суваг билээ.
Лав л хагас сая долларын өртөгтэй боссон гэх Чингис Хааны тухай киног дагаж төсвийн мөнгийг дэмий зүйлд үрлээ гэж хэл ам гараагүйн дээр хэд хэдэн удаа давтаж бас өөр сувгуудаар Чингис Хаан болон монголын эзэнт гүрний тухай нэлээн олон баримтат кино гарсан.
Миний хамгийн сонирхол татсан зүйл бол бол дээрх кино гарсаны дараа The Times сонин дээр гарсан нэгэн мэдээ байсан юм.. Дэлхийн хэмжээний энэхүү сонины улс төрчийн булан дээр тухайн үед хурцдаад байсан ерөнхий сайд Тони Блайр болон Сангийн сайд Гордон Браун нарын тэмцэлийг Чингис Хаан ба Жамух нарын тэмцэлтэй зүйрлэн бичжээ. Өөрийн дотны анд, хаан ширээний төлөө тэмцэгч Жамухыг өөрийх нь хүсэлтээр нурууг нь хугалах тушаалыг наанаа уйлж цаанаа инээн дэмжих Чингис Хаан нь бас л нэг намын ерөнхий сайд болох гавьяатай Гордон Брауныг ил дэмжиж далд хорлоод байгаа Тони Блайртай төстэй байна хэмээн маш сайхан зүйрлэж бичсэн байж билээ.
Иймэрхүү байдлаар бидний жишээ бусдад сургамж болон санаа өгч байдаг аж.
Манай орчин үеийн улс төрчид яаж сурдаг юм бол би мэдэхгүй байна. Харин 2004 оны сонгуулийн дараа эвслийн засгийн газар яаж байгуулдагийг үзэхээр Израйлд улс төрчид явлаа гэж сонсож байсан. Израйл гэснээс уул нь Израйл биднээс суралцдаг аж. Өнгөрдөг зун Монголч эрдэмтдийн хурал дээр очиж илтгэл тавин бас монгол хэл дээр хэвлэгдсэн Мамлук ба Монголын дайн хэмээх (Оксфордын Их сургуульд анх англиар хэвлэгдсэн томоохон нэг сэдэвт бүтээл бөгөөд монголоор маш сайхан орчуулсан байлаа ) номоо өлгийдсөн Израйлийн түүхч Амитай хэмээх эгэл даруухан эрдэмтэнтэй хөөрөлдөн сууж, хоол идэх боломж олдсон юм.. Түүнтэй анхлан Лондонгийн монгол пуб-д олон монголч эрдэмтэдтэй ирэхэд нь танилцсан билээ. Чингис хааны бага хүү Тулуйн том хүү Хүлэгү хааны багуулсан Ил Хааны улсын Мамлукын Түрэгүүд болон Ойрхи Дорнодын лалуудтай хийсэн эмгэнэлтэй бөгөөд сургамжтай 60 жилийн дайны тухай энэхүү номын ач холбогдол өнөөдөр юу бэ гэвэл яг Ил Хааны улс шиг лалын улсуудад бүслэгдэн, бас шахагдан суух Израйлийн улс төрчид болон цэргийхэний ширээний ном гэдгийг сануулж байж билээ. Тэр тусмаа одоогийн Израйл Сирийн булаацалддаг Голаны өндөрлөг буюу Айн Жалутад Монгол цэрэг 1262 онд эмгэнэлтэйгээр ялагдсан байдаг билээ. Энэ тухай 2 жилийн өмнө бичсэн нэгэн нийтлэл tsahimurtuu.mn дээр бий. ttp://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=360
Орос Хятад хоёрт бүслэгдсэн Монголчуудад энэ хэр хамаатайг та тунгаагаарай.
Би юу хэлэх гээд байнаа гэхээр бидний түүхээс хүмүүс суралцаад байнаа, харин бид яаж байнаа гэж асуух гээд байгаа юм..
Англичууд амжилт чинь алдахын чинь эхлэл болно гэж ярьдаг. Монголын эзэнт гүрэн ч бас л хэтэрхий том болсон амжилт нь олон хуваагдаж бутрахын үндэс болсон билээ. Орчин үеийн жишээ бол дэлхийн хэмжээний IBM компаны уналтын жишээ билээ. Хэтэрхий томорч уян хатан чанараа алдсан энэхүү компани өрсөлдөгчиддөө ялагдсан хэмээн бизнесийн сурах бичигүүдийг бичих юмтай болгосон аж.
Бидний алдаа бас амьтны элэг доог болох аж. Ноднин Оросын ерөнхийлөгч Путины жил бүр 4 сард ард түмэндээ хандан бүтэн өдөр мэдээлэл хийж сэтгүүлчдэд харйулдаг цагаар Куликовын талд орших жижиг хотын сэтгүүлч бүсгүй түүнийг хотдоо урьж , энэхүү ялалтын ойнд оролцохыг урьсанд тэрээр нэлээн гацаж байснаа энэхүү тулалдаанд Москвад урвасан Татарууд Алтан ордны Татарууд оролцсон бөгөөд энэхүү нарийн учрыг нь бид мэдэж байвал зохино хэмээнэ ярьсаныг нь YOUTUBE-дээр тавьжээ.Тэр ч үнэн юм. Алтан Ордны Мамайг 1380 онд Куликовын талд цохисон хэмээн Оросууд бардамнадаг ч үүнээс хойш 2 жилийн дараа Тохтамыш хаан Москваг шатаасан болон Москва дахиад 100 жил татвар төлсөнийг бодоход энэ нь бардамнаад байхаар зүйл биш бөгөөд Мамайн холбоотон Литвын цэрэг ирээгүйд ухарсан гэдэг нь илүү үнэн билээ. Гэвч өнөөх л монгол урвалт шарвалт энд ихээхэн нөлөөлжээ.
Бид түүхээсээ суралцахаас гадна бас хамгаалах хэрэгтэй ажээ. Шинээр төрж, сүүлд баяжиж гарч ирсэн Казахууд өөрсдийгөө хэн бэ гэдгийг мартаж орхиод бидний түүхээр тоглож бас бантан хутгаж суух юм. Казахийг гутаасан Борат киноны хариу болгож 40 сая доллар гаргаж хийсэн Нүүдэлчин хэмээх киноны нэгээхэн хэсэг дээр ийм бантан байна. Монголын Зүүнгарын Хаанд Казахын Хаан Аблай нэгэн глобус илгээж энэ бол дэлхийн бөмбөрцөг үүнийг Үлүгбек бүтээсэн юм, энэхүү хэсэг газар бол Казахын тал, энэ нутгаас савраа тат гэжээ.
Мунхаг би будилаагүй бол Казахын Аблай Хаан бол Чингисийн Зүчийн угсааны хаан, өнөөх Үлүгбек бол Барлас овгийн Доголон Төмөрийн угсааны одон оронч хаан, элч хүлээн авагч нь Монголын Зүүнгарын Хаан билээ. Казахууд хэний түүхээр хэнд гайхуулаад байгааг надад хариулж өгөөрэй. Харин бид түүхээ хамгаалах, харамлах хэрэгтэйг харуулах аж.
Энэ тухай бас нэгэн нийтлэл дараах холбоос дээр байгаа. http://tsahimurtuu.mn/show.php?table=news&id=314
Түүх түүхээрээ байдаггүй л байлгүй өөрчлөгдөж хөгжиж байдаг тал ч бий.
Өнгөрдөг долоо хоногийн Economist сэтгүүл дээр дээр дурдагдсан Британийн ерөнхий сайд нэгэн эссэ бичжээ. Дашрамд дурдахад хүмүүс намайг энэ тэндэхийн сонин сэтгүүл дээр гарсан зүйлээс жишээ авлаа гэж шүүмжилсэн, би нэгэнт санаанаасаа зохиох боломжгүй учраас болсон үйл явдал, хэвлэгдсэн зүйл, болсон үйл явдао дээр тулгуурлан бичиж байгааг тунгаана биз.
Тони Блайр эссэгээ БИ ЮУ СУРАВ гэж нэрлэжээ.
Тэрээр эхний хэсэгтээ түүнийг засаг удирдах сүүлийн арван жилд дэлхий дахинд гарсан өөрчлөлтийг дурдаад хэд хэдэн санаа хэлжээ. Эхний санаа нь үзэгч биш оролцогч байх хэрэгтэй байна гэжээ. Энэ бол бидний хэлдэгээр хошуу нэмэхээр хуруу нэм гэсэн үг аж. Би хошуу нэмж байгаадаа уучлал гуйж байна. Дараагийн санаа нь Британи хэнтэй түншлэх вэ гэсэн саннаг гарган ирж Америк ба Европын түншлэл аль аль нь үнэтэйг сануулжээ. Бидний хувьд гурав дахь түншүүд болон Орос Хятадтай яаж харилцах вэ гэдэгтэй энэ агаар нэг аж. Францын улс төрчдийн гаргасан Америкийг үл дэмжиж Европыг бие даалгах гэсэн алдаатай бодлого бас үүний тод жишээ билээ. Энэхүү бодлого Францыг улс төр эдийн засгийн нөлөөгөө алдахад хүргэсэн бөгөөд энэхүү бодлогыг Yanks no thanks хэмээн Миттераныг шүүмжлэгчид шогоор нэрлэдэг. Манай ардчилагчид бас нэг Russians no thanks гэсэн бодлого шилжилтийн үед явуулчихсан юм шиг санагддаг бөгөөд одоо болтол монголын бараа өндөр татвартай, бид визтэй зорчдог хэвээрээ байгаа билээ.
Тэрээр хамгийн төгсгөлд улс төрийн намууд өөрсдийн modus operandi буюу уламжлалт үйл ажиллагааны зарчмаа өөрчилж олон ардууд намд очиж нэгддэг биш нам олон арддаа очиж нэгдэж тэднийхээ нэгэн хэсэг болох ёстойг сануулсан байна. Энэ бол монголчууд бидэнд ч хамаатай бөгөөд яагаад гэдгийг та бүхэн бэлхнээ мэдэж байгаа.
Энэхүү эссэ бас биднийг өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг авч үзэхийн зэрэгцээ уламжлалаа хадгалахыг бас хамгаалахыг уриалсан байна.
Хэдийгээр бүх зүйл өөрчлөгдөн хувирч байгаа мэт боловч бүхэл бүтэн улс гүрний хувьд ч, хувь хүний хувьд ч огт өөрчлөгдөхгүй тийм зүйлүүд бас байдаг бусуу. Хятад гүрний эзэрхэг бодлого Хүннү гүрний үед 2000 жилийн өмнө байж л байсан, одоо хэвээрээ, энэ тэндэхийн ядруу улсын газрын баялагийг ховх сордог цагаан арьстангууд хэвээрээ бөгөөд Улаанбаатарын энүүхэн Бороо, Заамар , Гацуутраас эхлээд Өмнийн Говьд урт хошуугаа зоочихсон байна.
Эвтэй үедээ хүчтэй, эвдэрсэн үедээ амьтны хоол болдог монголчууд алддаг хэвээрээ.Бидний алдаа оноо бол бидэнд хамгийн ойрхон бөгөөд бас бидэнд дахиж тохиолдох магадлал хамгийн өндөр нэгэн билээ. Яагаад гэвэл билний алдаа бидний цусанд бас бидний уламжлалд түүхэнд бас бидний амжилтад байгаа билээ. Энэ алдааг давтахгүй байх нэгэн арга бол бид үргэлж өөосдийн аугаа их түүхээсээ суралцаж алдаанаас нь ухаарч амжилтаар нь бахархаж явах ёстой билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment