Followers

Monday 3 December 2007

Рио Тинтог Хятадууд эзэмших үү?

Рио Тинтог Хятадууд эзэмших үү?

Сүүлийн үед дэлхийн хамгийн том уул уурхайн 2 компани ВНР болон Рио Тинто, Хятадын Улсын мэдлийн томоохон хөрөнгө оруулагч корпораци China Investment Corp (CIC) тойрсон үйл явдал онцгой анхаарал татах боллоо.
Энэхүү болж байгаа үйл явдал монгол улсад ч бас тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр аж.
Үйл явдал бидний сайн мэдэх Рио Тинто компанийн хувьцааг өрсөлдөгч болох ВНР компани нь 103 биллион доллар буюу 50 биллион паундаар худалдан авах саналыг 2007 оны 11 сарын 12 нд тавьсанд байгаа юм. Энэхүү санал бол Британийн Vodafone компани 203 биллион доллараар Mannesmann компанийг худалдан авсаны дараа орох рекорд үнэ аж.
Энэ 2 компани дэлхийн гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн 36 хувийг болон зэс хөнгөн цагаан бусад эрдэс баялагийн өндөр хувийг эзэмшдэг бөгөөд хоорондоо нэгдсэн тохиолдолд нийтдээ 350 биллион доллараар үнэлэгдсэн компани (түүний дараа орох компани дээрх хоёроос 3 дахин жижиг байх болно ) шинээр төрөн гарч Хятад , Энэтхэг,Орос гэх мэт шинээр өндөр хурдацтай хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн
өсөлтийн амин чухал хэрэглэгдэхүүн болох дээрх эрдэс баялагийн үнийг бүхэлд нь хянах боломж гарч ирж байгаа болно. Харин Рио Тинто компани дээрх саналыг хүлээж аваагүй бөгөөд компанийн үнийг хямд үнэлсэн хэмээн хувьцаа эзэмшигчид нь үзсэн аж.
Ингэмэгц гангийн үйлдвэрийн түүхий эдийнхээ 70 хувийг ВНР копаниас авдаг Хятад улс эхний алхам болгож 500 сая доллараар Рио Тинто компанийн 1% худалдан авсан байна.
Цаг хугацааны хувьд Рио Тинто компани Канадын хөнгөн цагааны томоохон үйлдвэрлэгч компани Алканийг 40 биллион доллараар худалдан авах наймааг
дууссаны маргааш өдөр худалдан авах саналаа ВНР тавьсан нь учиртай аж.
Хятадууд ч барьж авсан барьцаа ахиулан Рио Тинтог бүхэлд нь худалдаж авахаар авахаар 200 биллион долларийг Хятадын Улсын мэдлийн томоохон хөрөнгө оруулагч корпорацид шилжүүлсэн мэдээ дэлхийн хэвлэлүүдийг шуугиулж эхэлсэн бөгөөд Хятадууд албан ёсоор няцааж байгаа аж.
Харин өчигдөр буюу 29 нд ВНР компани худалдан авах саналаа 120 биллион доллар болгож өсгөсөн саналийг тавьсан бөгөөд Рио Тинто компани хариу өгөөгүй байгаа аж.
Рио Тинто компанийн ийнхүү үнэ хүрч байгаа олон том шалтгаануудад дээр дурдсан Канадын Алкан компани мөн Конго Австрали дахь бизнесүүд нь орох аж. Мөн Монголд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нь бас жоохон нэмэр болж байгаа бололтой. ВНР компани нь Рио Тинтог эзэмшсэнээр зардал нэлээн бууруулж өндөр үнээр бүтээгдэхүүнээ зарах боломж нээгдэж байгаа гэж үзэж байх шиг байна. Хятадууд өсөж байгаа түүхий дийн үнийг хязгаарлах цорын ганц боломж бол үнийг тодорхойлогч компаниуудыг хяналтдаа авах гэж үзэж буй бололтой.
Германууд дээрх 2 компани нэгдэх ёсгүй бөгөөд монополийн эсрэг хуулийг зөрчиж байна хэмээн шүүхэд өгөхөөр зэхээд байгаа аж. Солонгосчууд ч бас
ээргүүцээд байгаа аж. Харин Оросын уул уурхайн томчууд болох Базовый Елемент, Полиметаллыхан монголчуудыг рекетлэхээр ирэх долоо хоногт Улаанбаатарт буух аж.
Монголчуудын хувьд Рио Тинто компанийг хятадууд авчихвал Оюутолгойг Хятадууд эзэмшинэ гэсэн үг бөгөөд энэ тохиолдолд Оюунтолгойн гэрээг Рио Тинтотой хийхгүй байх нь ашигтай . Учир нь Хятадууд маш хямд үнээр зэсийг нь худалдаж авах болно. Харин Рио Тинтог ВНР авсан тохиолдолд Оюутолгойн гэрээг Рио Тинтотой хийх нь ашигтай бөгөөд зэсээ өндөр үнээр зарах боломжтой болж байгаа юм.
Ер нь бид Рио Тинтотой гэрээ хийхдээ энэхүү компанийг алсдаа хэн эзэмших нь вэ гэдгийг нь тооцож хийх нь зөв бололтой. Ойрын үед хэний эзэмшилд очих нь тодорхой болоогүй компанитай лав тогтвортой байдлын гэрээ хийж болохгүй нь ойлгомжтой.
Төгсгөлд нь хэлэхэд зэсийг өндөр үнээр зарах сонирхолтой бол өндөр үнээр зарж чаддаг компанитай хамтран ажиллах нь зөв бөгөөд харин зэсийг хямд үнээр авах сонирхолтой Хятад гэх мэт улсуудтай хамтарч ажиллах нь ашиггүй нь илт байна.


О. Батбаяр (Лондон )