Монгол хүний амь
Хүний амь хамгийн үнэтэй зүйл гэдэгтэй санал нийлэхгүй хүн гарахгүй байх. Гэхдээ бас хаана вэ?, хэзээ вэ?, хэний амь хэр үнэтэй бэ ? гэдэг нь харьцангуй ойлголт аж.
Саяхан Энэтхэгт уурхайн гүн цооногт уначихсан ядуу хүүгийн талаар орон нутгийн телевизээр мэдээлсэн нь улмаар Энэтхэг даяарх олон хүмүүсийн анхаарал татаж хүүг аврах ажиллагаа 3 өдөр шахуу үргэлжилж билээ. Хүүхдийг зарцалж бизнес хийх талаар дэлхийд тэргүүлдэг энэхүү орны улс төрчид ч энэ үеэр шоудаж хүнлэг энэрэнгүй дүрд тоглосон бөгөөд баруунд харин энийг гурав дахь ертөнцийн орнуудад хүний амийг өөрөөр үнэлж эхэлж байгаагийн сайн жишээ гэж үзэх шиг болов.
Баруунд бол яадагсан билээ бид бараг мэдэх байхаа. Их британийн Палестинд барьцаалагдсан сурвалжлагчыг суллаж өгч нэр нүүр олох гэж өнөө айхтар Хамасыхан бараг иргэний дайн хийж барьцаалагчид болох хэд хэдэн нутаг нэгтнүүдээ цааш харуулчихсан байгаа билээ.
Португальд алга болсон 3 настай англи охины европ даяар хайж, Ромын пап эцэг эхтэй нь уулзаж дэм үзүүлж байхыг монголын зурагтаар саяхан үзэж суулаа.
Уул нь монголчууд бид хүний амь, түүний үнэ цэнийг ингэж өндөрт өргөн тогтоож өгөх хэм хэмжээг тодохойлсон хүмүүийн үр сад нь билээ.
Оросын олон хот тосгод монголын элч төлөөлөгчийн аминд хүрсэнийхээ төлөө үй олноор хядуулж байсан бол Япончууд монгол элчийг хорьж цагдаж байж аралаа алдах шахсан түүхтэй билээ. Чингис хааны хайртай ач хүү, бас нэгэн хүргэнийх нь аминд хүрсэн одоогийн Афганистаны Балх гэх мэт хотууд үнэсэн товорго болсоныг бид биш тэд одоо болтол ярьж байдаг билээ.
Зөвхөн элч төлөөлөгч, ихэс дээдэс гэлтгүй энгийн монгол цэрэг, иргэн хүнд халдахгүй байхыг тухайн үед монгол аялсан Италийн лам Плано де Карпини Монголчуудын түүх номондоо хичээнгүйлэн захисан бол мөн л Дорно тэгээдэд зорчсон нь хэмээх номыг бичиж Мөнх Хаантай уулзсан Францын лам Гильом Де Рубрук монгол элч, монгол цэрэг, монгол хүнийг тусгайлан хамгаалж халдахгүй байхыг захижь ингэвээс учрах аюулыг тоочжээ. Хубилай хааны зарлигт нэг монгол хүний амийг 10 хятад хүний амиар тооцож шийтгэж байхыг захисан байдаг аж.
Ийнхүү Чингис хаан болон эцэг дээдэс маань монгол хүний амийг өндөрт тавьж хамгаалсан нь угаасаа цөөн монголчуудаа дархан цаазанд оруулж хэр баргийн хүн халдаад байхгүйгаар хамгаалсан нь цаанаа учиртай бизээ.
Улмаар дэлхий дахинд монголчуудаас улбаатай дипломатын халдашгүй ёсон тогтож, хүчирхэг орнууд нэг иргэнээ хамгаалж аврахын төлөө чадах бүхнээ хийх болсон аж.
Гэтэл өнөөдөр монголчууд бид шал өөр хүмүүс болжээ. Монгол хүний амь хамгийн үнэгүй зүйл мэт болж, монгол нь монголоо хайрлахаа больжээ. Орост өнгөрсөн онд Уст -Ордын автономит эрхийг устгаж одоо удахгүй Агын Буриадын автономит эрхийг устгах гэж байгаа бөгөөд ( нийтлэлийг эндээс уншаарай http://www.tsahimurtuu.mn/main/20060406492.htm ) энэ бол бидэнд огт хамаагүй агаад, гүн хар хүнэн далайд живж амь тавьж байгаа байгаа өвөрлөгч ахан дүүсийн эмгэнэл, бидэнд хошигнол болоод удлаа.
Энэ бүхэн тэр хүмүүсийн проблем бөгөөд билэн лүү ирж ойртож буй аюулын дохио биш гэж тэнэгхэнээр бодоцгоогоод дотоод асуудлаа харцгаая.
Ерээд оны архидалт, түүнийг дагасан гэмт хэрэг, алллага хядлага иргэний дайны хэмжээнд хүрчихсэн байсныг хардаггүй, үндэсний аюулгүй байдлаа хариуцан ажилладаг байсан, зурагтаар хааяа халамцуухан харагддаг байсан , харин одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон экс ерөнхийлөгч маань нэлээн эрүүл байдлаар ард түмэн хаа сайгүй цианитад хордсон байна, энэ бол маш том эмгэнэл хэмээн матарын нулимас унагасан нь монгол хүний үнэгүй болчихсон амь насанд анхаарал хандуулсан хожуу ч гэсэн анхны алхам боллоо.
1990-2003 оны хооронд он хүртэл монгол улсад өвчний улмаас бус зүй бусаар өөөрөөр хэлбэл гэмт хэрэг, зам тээврийн осол гэх мэт шалтгаанаар нас барагсадын тоог доохи хүснэгтээс харж болно. Нийт нас баралтын тоо өөрчлөгдөөгүй шахуу байхад ийнхүү согтуу гэмт хэрэгтэн, согтуу жолоочийн гарт амиа алдагсад 3 дахин нэмэгджээ. Дээрх тоонд статистик боловсруулалт хийж , нас, хүйсний ангиалалаар үзвэл дийлэнх нас баралт нь 20-40 насны эрчүүд эзэлж байлаа.
Хүснэгт №1
1990
1992
1994
1996
1998
1999
2000
2001
2002
2003
Нийт нас баралт
16401
17421
15000
15122
14573
14996
14236
14555
14933
15130
Гадны шалтгаант
792
1359
1416
1524
1631
1862
1817
1809
1969
2089
Харин 2006 оны байдлаар энэ тоо жилд 3000 хүрсэн байна. Статистикийн төв газрын веб дээр энэ оны 5 сарын байдлаар монголд гарсан гэмт хэргийн тоо 9100 д хүрч өнгөрсөн оны мөн үеийхээс 1500 аар буюу 20 хувиар нэмэгдлээ гээд жижигхэн үсэгээр энгийн зүйл аятай бичжээ.
Өөр оронд ямар байдаг юм бүү мэд, Британид гэмт хэрэг 1.5 хуиар өсөөд баахан асуудал болж байсныг санаж байна. Гэмт хэрэгээ 20 хувиар ахиулан өсгөсөн Цагдаагийн газарын даргадаа бид баяр хүргэх юмуу яах юу бэ. Энэ асуудал дээр ган хийдэгүй засгийн газар,сөрөг хүчиндээ бас өөр чухал асуудалд анхаарлаа хандуулаарай гэмээр ч юм уу.
Жилдээ 45 мянга орчим хүн шинээр төрж 15 мянга орчим хүн нас барж байдаг монгол орны хувьд 3000 хүнээс зүй бусаар алдана гэдэг бол ихээхэн том тоо юм.
Ер нь халуун амины үнэ цэнийг тэрхүү зовлонг туулсан хүмүүс хамгийн сайн мэднэ. Түүнээс хэдэн шоучин улс төрчид юу мэдэх билээ. 2003 дээрх судалгааг хийж байхдаа Лондонд ирсэн хууль зүйн сайдаасаа монголд гарч байгаа гэмт хэрэг, тулгамдаад байгаа асуудлын талаар асуухад их л маруухан мэдээлэлтэй, ач холбогдол өгдөгүй нь мэдэгдэж байсан билээ.
1945 оны чөлөөлөх дайн, 1939 оны Халхын голын дайнд алдсан монголын цэрэг эрсийн нийлбэр 1500аас илүү хүнийг бид жилдээ зүй бусаар алдаж байгаа бөгөөд, дэлхийн хамгийн халуун цэг Палестины Газад гал зогсоох хэлэлцээ цуцлагдсан 2005 оноос хойш алагдсан хүний тоо 2000 хүрээгүй байгаа билээ. 100000 хүнд тохиолдох гэмт хэрэгт алагдсан хүний тоо, шоронгийн хоригдлын тоогоороо дэлхийд бид тэргүүлж байгаа аж. 60 сая хүнтэй Их Британид шоронд 70 мянган хүн хоригдож байдаг бол манай улс 6 мянган хоригдолтой аж. Их Британи улс жилдээ 2-3 цагдаагаа гэмт хэрэгтний гарт алддаг бол монгол улс 20 орчим цагдаагаа гэмт хэрэгтний гарт алдаж байгаа тоо юу хэлж байна бэ? Иргэдээ байтугай цагдаагаа хамгаалж дийлэхгүй байгаа бус уу?
Бид дээр эцэг өвгөдөөсөө сурамааргүй бол хажуу дахь үхэрнүүдээсээ сурмаар байна. Үхэр гаргачихаад ил задгай элдэв гэдэс дотор, арьс ширийг нь хаячихаар бусад нь мөөрөөд бөөн юм болдог гэдэгсэн. Тийм болохоор нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг биз. Бидний зан араншинг үхэртэй төстэй сүх далайтал амар байдаг болохоор үхэр монгол гэдэг билээ, харин сүх нь далайгаад жилдээ 3000 хүний амийг аваад байхад бид амар байгааг юу гэх бэ?.
Гал сөнөөхөөр яваад хайран амиа 15 эрэлхэг монгол хөвгүүд алдаж, бид гашуудлаа. Ажлаа хийж яваад, болзоонд яваад, хичээл сургуульдаа явж байгаад согтуу жолооч, согтуу гэмт хэрэгтний гарт жирийн байдлаар ноднин амиа алдсан 3000 монгол хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж , энэ байдлаараа бол энэ жил амиа алдах 3000 охид хөвгүүдээ бид яах яаж хамгаалах бэ? гэж төр засгаасаа асууяа.
Яг сая гардаг осол шиг хариуцлагын тогтолцооноос болж ийм олон хүн амиа алдаж байгаа бусуу. Иргэдээ гэмт хэргээс хамгаалах цогц арга хэмжээ илт дутагдаад байна.
Монголд хүний амь насанд хүрсэн хүний гэмт хэрэг болгоны 70 % нь согтуугаар үйлдсэн байдаг. Тэгвэл архины үйлдвэрлэлийг либералчилж хэн дуртай нь архи хийдэг, зардаг болгосон нь хэр зөв вэ?. Дэлхийн маш олон оронд түүнээсээ гэмт хэрэг хамгийн бага гардаг Скандинавийн орнууд архины үйлдвэрийг төр мэдэлдээ байлгаж зохицуулж байдаг нь сонин. Ард түмний дээдэлдэг Аварга Сүхбатаас авахуулаад томоохон улс төрчид архи үйлдвэрлэж , спирт хилээр хууль бусаар оруулж ирж гэмт хэргийг өөгшүүлэх аж. Уг нь ethical business гэсэн нэг ойлголт гараад удаж байгаасан.
Зам тээврийн осол монгол дахь нас баралтын бас нэг гол шалтгаан болж хувирлаа. Согтуу жолооч нарыг замын голд мод барьсан цагдаа, албан тасалгаандаа гэмт хэрэгтнээсээ авилга нэхсэн цагдаагийн оффицер 2 дийлэхгүй нь. Элдэв сарын ажил ч түр зуурын үр дүнтэй аж. Гадны туршлагууд болох жолоо барих насыг 21 насаар босго тавьж хязгаарлах, согтуугаар жолоо баригчдыг олонд жигшүүлэх, машин тэргийг нь улсын орлогод хурааж авах гэх мэт гадны аргаас хэрэглэе.
Согтуу машин барьж байгаад баригдсан Холливудын од Парис Хилтоныг яаж шийтгээд байгаа нь сайн жишээ бусуу. Үүний цаад зорилго бол бусад согтуу америк жолоочид сануулга өгөх гэсэн хэрэг шүү дээ. Харин манай Хүрэлсүх сайд согтуу машинтай явж байгаад баригдсан гэж сонссон, бөгөөд асуудал болгоогүй нь иргэддээ өгсөн буруу үлгэр юм. Мэдээлэлийн хэрэгсэлээр гарч байгаа кино, нэвтрүүлэг зэрэгт барууны жишигээр насны хязгаар тогтоож өгье. Аллага хядлага, гэмт хэргийг ил тод суртачлахаа больё.
Монголын цагдаагийн сүүлийн 3 дарга Амарболд, Мөрөн, Сандаг-Очир нар бүгд Оросын цагдаагийн Академийн бүтээгдэхүүнүүд аж. Хэл уснаас болоод өөр орны туршлага арга барилаас сурч чаддагүй юм бол ядаж Оросоос хуулж болж байна. Оросын ерөнхийлөгч гэмт хэрэг, архидалт, зам тээврийн осол нь Оросын эмгэнэл болсоныг аль ноднин зарлаад цогц арга хэмжээ авч байгаа билээ.
Баруунд байдаг бас нэг ойлголт бол иргэдэд гэмт хэрэг үйлдэгчид хүний амь
насанд хүрэх л юм бол баригдах магадлал чинь өндөр бөгөөд авах ял чинь өндөр гэдгийг бүр багаас нь ойлгуулсанаас гэм хэрэгтнүүд нь хүний аминд хүрэхгүй аж. Тийм суртачилгааны хуудас ч байх аж. Үнэхээр мөнгөний төлөө гэмт хэрэг хийж байгаа бол гар утас, таксины жолоочийн орлого зэргийн төлөө хүний аминд хүрэхгүй баймаар байнаа. Ядаж энийгээ суртачлая.
Ядууралаас болж гарч байгаа гэмт хэрэг нь олон хүний аминд хүрч, олон гэр бүлийг уй гашууд унагах боллоо.
Гэтэл нэг үеээ бодвол улс орны эдийн засаг ихээхэн сайжирсан бөгөөд энэ мөнгийг, иргэдээ хамгаалахад биш улс төрчдийн бизнесийн эрх ашигт зарцуулагдаж байнаа. Сүүлийн жишээ бол 20 орчим сая долларааар иргэний үнэмлэхийг шинэчлэхээр Сайханбилэг дарга сайхан бизнесс план гаргажээ. Бидний гар дээр 7 сая доллараар шинэчилсэн жолооны үнэмлэх, бас 10 саяар шинэчилсэн иргэний үнэмлэхний пластик кард байж л байна, үр дүн нь гараагүй л байна. Бас нэг жишээ, төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 18 сая орчим доллар зарцуулсан тооцоо саяхан гарчээ. Дээрх мөнгөөр Улаанбаатар хотын өнцөг булан бүрт камер зоочихбол, эргүүлийн цагдаагаа нэмээд холбоо унааг нь сайжруулаад удирдлагыг нь сургалтад хамруулчихбал, замын гарц болгон дээр хурд сааруулагч тавьчихсан бол, гэмт хэргийг бууруулах судалгаа хийж, бодлого боловсруулахад, сургалт суртачилгаанд ашигласан бол хичнээн олон хүний амийг аврах байсан бол. Утаанбаатар хотын гэр хороололын дийлэнхийг төвийн шугамд дээрх мөнгөөр холбочихбол архи, цианидад хордоод дуусаж байгаа ард түмнээ утаанд хордохоос сэргийлж чадах бус уу. Эс бөгөөс хичнээн олон жижиг дунд үйлдвэр байгуулж, харь нутагт иргэдээ боолчлогдохоос сэргийлж чадах билээ.
Саяхан стадионы гадаа хонон өнжин очерлосон хүмүүс бол монголчууд бид ажлын байр, шударга цалин нь байбал ажил ямар ч ажил хийхэд бэлэн байгааг харуулсан амьд жишээ болсон бөгөөд бас манай төр засгийн бодлого ард түмнээ ямар эмгэнэлт байдалд оруулсаны давхар дүр зураг эндээс харагдсан.
Ард олон материаллаг болон оюун санааны ядууралд орлоо. Дээрх ядуурлыг бууруулахгүйгээр гэмт хэрэг, аллага хядлага зогсохгүй.
Монгол хүн ийнхүү төрсөн нутагтаа халуун амиа согтуу жолооч, согтуу гэмт хэрэгтний гарт алдаж дууслаа. Дээрээс нь элдэв хорт бодис, эрүүл бус хүнс, бусад өвчнүүд заналхийлж эхэллээ. Энэ бүхний гол буруутан нь монголын төр засгийн арчаагүй байдал мөн бөгөөд арга хэмжээ авах цаг нэгэнт болжээ.
О.Батбаяр . Лондон хот
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment