Followers

Wednesday 17 March 2010

Бат Хааны балагтай үрс Орос оронд одоо ч амар заяа үзүүлэхгүй л байна


Бат Хааны балагтай үрс Орос оронд одоо ч амар заяа үзүүлэхгүй л байна


Энэ оны 3 сарын 5 нд Чеченийн салан тусгаарлагч, лалын хэт даврагчдын томоохон удирдагч Александр Тихомиров гэгч Оросын тусгай албадын гарт амиа алдсан билээ.
Чимээгүй дайн болж байгаа Кавказад хэн нэгэн хүн амиа алдах нь жирийн нэгэн үзэгдэл боловч, энэ удаа Оросын бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдээр энэ мэдээ цацагдаж , сүүлийн долоо хоногт хамгийн их олны анхаарлыг татсан мэдээ болов.
Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров энэ мэдээнд хамгийн их баярласан нэгэн байсан бол энэхүү үйл явдалаас нэрээ цэвэрлэж авахаар яарагсад нь буриадууд байлаа. Арга ч үгүй юм, Оросын лал шашинтнуудын дунд Саид Бурятский нэрээр алдаршсан энэхүү 28 настай залуу 1982 онд Улаан Үд хотод төржээ. Түүний эцэг нь Буриад эх нь Орос хүн байжээ. Эцэг нь түүнийг төрсөнөөс хойш тун удалгүй нас барсан тул хөгшчүүл дээрээ өсжээ. Тэрээр 15 нас хүртлээ Буддын дацанд ном үзэж байснаа сахиусаа өөрчлөн Лал шашинд оржээ. Удалгүй Москвад шилжин ирж «Расуль Акрам» хэмээх лал шашны сүмд ном үзэж улмаар 2002 онд «Аль-Азхар» хэмээх лалын дээд сургуульд Египетэд суралцжээ. Энэ хугацаанд тэрээр Лал шашны томоохон сургааль номуудыг араб хэл дээр уншин судалж, дийлэнх сургааль номлолыг цээжээр унших хэмжээнд хүрчээ. Түүний шударга, номч байдал нь олон түмэнд үнэлэгдэх хэмжээнд хүрч эхэлжээ. 2005 онд Кувейт ба Саудын Арабт явж ном хаялцжээ. Тэрээр удалгүй Москва хотын лалын төв сүмд суух болж, лал шашны чиглэлээр томоохон лекцүүдийг бичин тарааж, Оросын лал шашинтан залуусын дунд номч мэргэн лал шашинтны зүтгэлтэн болон хувирчээ. Ялангуяа түүний «Праведные предшественники», «Путешествие в вечную жизнь», «Талбис», «100 историй гибели несправедливых» зэрэг лекцүүд нь нэрд гарчээ. 2007 онд тэрээр Лал шашны өлгий Саудын Арабын Мекка хотод шашнй зэрэг хамгаалан очиж «Священная Мекка» хэмээх лекц бичжээ.
2008 оны эхээр тэрээр гэнэт шийдвэр гарган Кавказын лал шашинтнуудыг авран хамгаалахаар «Ариун дайнд» нэгджээ. «Эхо Москва» радиогийн сэтгүүлч Юлия Латынина түүний энэхүү үйлдлийг Буриадууд дундаас «Исламийн Че Гевара» төрөн гарлаа хэмээсэн нь оргүй юм биш аж.
Тун удалгүй Кавказын ууланд хээрийн цэргийн хувцас өмсөн, үс сахлаа ургуулсан түүний видео лекцүүд Оросын лал шашинтангуудын вэб сайтууд дээр тавигдан, хит болж хувирсан байна. Намуун зөөлөн дуугаар , араб эх сурвалжуудас иш татан, зөв цэгцтэй, уялдаа холбоо сайтай ухуулан сэнхрүүлж унших түүний лекцүүд нь үнэхээр хүмүүсийн сэтгэлд хүрч байлаа. Чеченийн ерөнхийлөгч түүнийг Кавказын тэрслүү үзэлтнүүдийн оюун санааны удирдагч хэмээн буруушааж түүний толгойг авчирсан хүнд Оросын ерөнхийлөгч Путин хэдэн арван сая доллар амлаж эхлэв. Арга ч үгүй биз, түүнийг ирсэнээс хойш Кавказын дайн өөр өнгө аястай, улам олон залуус ирж нэгдсэн, ариун дайн болон хувирчээ. Урьд нь энэхүү дайныг удирдагчид дандаа шилдэг террористууд байсан бол энэ удаа уран илтгэгч, шашны номд нэвтэрхий, кавказ бус буриад гаралтай нэгэн удирдаж байлаа.
Тэрээр зөвхөн лекц уншсангүй, Орос орныг доргиосон томоохон террорист халдлагуудыг зохион байгуулав. Владимир Путин тогтворгүй байдалд автагдсан Ингушетийн ерөнхийлөгчийг сольж шинээр Юнус Бекийг томилжээ. Гэвч түүнийг ажлаа аваад долоо хоноогүй байхад нь өргөөнийх нь гадна дэлбэлсэн арга хэмжээг Саид Бурятский зохион байгуулав. Энэ нь жирийн нэгэн дэлбэлэлт боловч нөгөө талаараа Путингээр шоглоом хийсэн явдал болжээ. Тун удалгүй 2009 оны 12 сард Оросын элитүүдын зорчдог Невский экспресс хэмээх галт тэргийг дэлбэлжээ. Энэ үед Санкт Петербургийн удирдлагууд болон Оросын Томоохон яам агентлагын дарга нар алагджээ. Түүгээр ч зогсохгүй 2 дахь бөмбөгийг дэлбэрэлтийн дараагаар тусламж үзүүлэхээр ирсэн цэргийхэн аврах ажиллагаа хийх үед дэлбэлэхээр зохион байгуулж Оросын томоохон генералүудын аминд хүрэх шахжээ. Үүнтэй зэрэг шахуу бөмбөг дэлбэрэлгүй удсан, онцгой хамгаалалтад байдаг Чечений ерөнхийлөгчийн ордны өмнө бөмбөг дэлбэлсэн нь зэрэг нь Кавказ төдийгүй Орос орныг цочоож Оросын ард түмэн Путин ба Кадыров 2 бол Кавказын асуудлыг шийдэх чадваргүй хүмүүс хэмээн дүгнэхэд хүргэж байдлыг хурцатгажээ.
Сайд Бурятскийг агнах гэсэн оролдлого улам олон удаа гарах болжээ. Улмаар энэ оны 3 сарын 5 нд Ингушетийн нэгэн тосгоны ойролцоо томоохон террорист ажиллагаа зохион байгуулах бэлтгэл хийж байх үед нь урвагчдын мэдээлэл Оросын цэргийхэнд хүрч, хүч тэнцвэргүй байлдааны явцад тэрээр алагджээ. Хэдэн арван танк, хэдэн зуун цэргүүд тэдний байрлаж байсан байшинг бүсэлж байлдсан бөгөөд эцсийн мөчид тэрээр гар утсан дээр бичлэг хийж үхлээс айхгүй байгаагаа мэдэгдэж, өөрийн хийж байсан бүх үйлдэл үнэн зөв байсан гэдэгт итгэж байгаагаа мэдэгджээ.
Түүний өөрийн хэлсэнчлэн чухамдаа хэний зөв буруу байсныг бурхан шүүн тунгаах бизээ.
Харин энэхүү үйл явдал намжиж амжаагүй байтал Орос орон даяар сүүлийн 3 хоног

нэгэн монголжуу царайтай залууг эрэн сурвалжилж эхлэв. Якуб Картакаев хэмээх 27 настай энэ залуу 3 сарын 13 нд Москва хотын Кунцево дүүрэгт гэмт хэрэгт сэжиглэгдэн зогсоогджээ. Түүнийг зогсоосон 2 цагдаагын нэгийг буудаж амийг нь хороосон бол нэгийг нь шархдуулан зугтжээ. . Тэрээр өөрөө бас шархдсан бөгөөд 3 хоногий дараа төрсөн эцэг нь түүнийг барихад тусалж олж өгчээ. Энэхүү гэмт хэрэг Орос орныг дахин цочроолоо.
Энэхүү залуу бол Дагестаны нутагт орших Ногайчууд амьдардаг Цагаан хэмээх суурингаас гаралтай нэгэн ажээ. Ногайчууд хэмээх эдгээр хүмүүс бол Монголын Бат Хааны үнэнч цэргийн жанжин Ногай эсвэл Нохай хэмээх хүний нэрээр нэрлэгдсэн монгол ба кавказ үндэстнүүд холилдон бий болсон үндэстнүүд юм. Ногай жанжин 1280 оны үед ихэд хүчирхэгжин бие даасан бодлого явуулах болж, эрхшээлдээ Оросын өмнөд хэсэг, Кавказын нурууг захирч, Болгар, Түрк, Унгар, Сербийг эзэлж, Крым хойгийн худалдааг хянаж байв. Түүний хүү Болгарт очиж хаан сууж байсан бөгөөд, охид нь Серб,Унгар, Туркийн хааны хатан болжээ. Ногай жанжин 1299 онд Алтан ордны Токта хаанд цохигдсон боловч түүний үр сад бэлчээр сайт Астрахан ,Ставрополийн хязгаарыг Баруун Монголоос нүүж очсон Халимагуудад 1600 оны үед цохиулах хүртлээ хянаж , Орос орны өмнөд хил дээр Оросуудад амар заяа үзүүлээгүй бөгөөд Крымийн татаруудтай хамтран Москваг олон удаа шатаасан этгээдүүд билээ. Бүр сүүлийн үеийн бас нэгэн явдал бол 1996, 2000 оны Ороч Чеченийн дайны үед Ногайчуудын батальон Оросуудад томоохон цохилт олон удаа өгсөн байдаг.
Бат Хаан Орос орныг эрхшээлдээ оруулан 300 жил самарсан бол Оросын эрхшээлд орсон Бат Хааны үр сад болох дээрх 2 залуу лав л энэ 3 сард Орос орныг балагт явдалаараа амар жимэр байлгасангүй.
О. Батбаяр
Лондон

1 comment:

shine said...

ih medeelel bagtaasan sain bichleg bolson bna. uur olon goe yum bicheerei.