Дэлхийн эдийн засгийн хямрал ба Орос, Хятад, Монгол гурав
Хар тахал мэт дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал, утаа униартсан Улаанбаатарын төв талбайдч, талын малчин өрхийн цасан цагаан гэрийн хойморт ч заларчихсан аж. Одоо хэн бүхнийг цааш нь юу болох бол хэмээх түгшүүр эзэмдэж байгаа байх.
Түүхийн гашуун хувь заяагаар хоёр хөрштэй болж түгжигдсэн Монголчууд бид тив, дэлхий алгасаж хямралын уршигийг хайхаас өмнө хөршүүдээр юу болоод байгааг харах гээд үзвэл ямар вэ?. Хөршүүд хэрхэн хямрах нь бидэнд бас хамаатай билээ. Бид л хөршүүд гэж даруухан нэрлээд байгаа болохоос дэлхий дахинд нэгийг нь хөвчийн хүрэн баавгай буюу Орос, нөгөөг нь галт луу буюу Хятад гэж нэрлэдэг билээ.
Луу галандаа түлэгдэхүү ?
Америкаас эхэлсэн эдийн засгийн хямрал нь Хятад, Орос, Бразил, Энэтхэг гэх хөгжиж буй томоохон орнуудын эдийн засагт бараг нөлөө үзүүлэхгүй гэсэн таамаглалыг дэлхийн томоохон эдийн засагчид, санхүүгийн байгууллагууд өнгөрсөн оны дунд үеийг хүртэл дэвшүүлж, түүнд хүн бүхэн итгэж байлаа. Тэгж ч харагдаж байснаас гадна, энэхүү таамаглал нь дээрх орнуудын удирдлагуудыг тайвшруулж байсан аж. Гэвч ийм явдал болсонгүй. Олон тэрбум доллараар олимпийн шоу хийж хүч чадлаа гайхуулсан Хятадууд олимпийн хаалтын маргаашнаас л байдал биш болсоныг анзаарсан хэмээн нэгэн эдийн засагч шоолон бичсэн байсан. Шинэ оны хоёрдугаар долоо хоногт Хятадын засгийн газар экспорт нь 2.8 хувиар унасан, импорт нь 21 хувиар унасан ажилгүйдэл 4 хувьтай хэмээн албан ёсоор зарлав. Бодит байдал дээр сүүлийн 4 сард Хятадад 10 сая хүн ажилгүй болсон хэмээн барууны хэвлэлүүд бичлээ. Өнгөрсөн онд 11 хувьтай байсан Хятадын эдийн засгийн өсөлт 9 хувьтай болж буусан бөгөөд шинэ оны төгсгөлд 6 хувьтай байх болов уу гэж таамагласан байна. Хятадын засгийн газар эдийн засгаа аврахын тулд 4 триллион юань гаргаж зарцуулсан нь үр дүнгээ өгөхгүй байна. Энгийн жишээ бол бидний сайн мэдэх Lenova-IBM компьютерийн компани билээ. Дэлхийн зах зээл дээр борлуулалт муудсан ч хятадын зах зээл дээр найдвар тавьж байсан нь бүтэлгүйтэж дампууралд өртөж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарлалаа. Жилд 20 хувийн өсөлттэй байсан Хятадын машины зах зээл дээр үйлдвэрлэл явуулдаг Германы компаниуд үнээ 15 хувиар хямдруулаад ч машин борлогдохгүй байгаа бөгөөд тэд биднээс илүү их хямдрал хүлээж байна гэжээ. Хятадууд дотооддоо үйлдвэрлэл үйлчилгээ худалдаж авахгүй байгаагын нэг шалтгаан нь бас хятад хүний хадгалах хямгадах, үрэлгэн биш сэтгэхүйтэй холбоотой гэнэ. Их хэмжээний буюу 2 триллион долларын гадаад валютын нөөцтэй ч, нийт баялагын 70 хувийг хүн амын 0.4 хувь нь эзэмшдэг, 300 сая хүн өдрийн нэг доллараас доош орлоготой, улс төрийн нэг хатуу ширүүн дарангуйлалд байдаг зэрэг нь Хятадын дотоод байдлыг тогтворгүй болгож эхэллээ. Зүйрлүүлж хэлбэл эдийн засгийн асар өндөр өсөлттэй байсан Хятад улс ийм байдалд орох нь өндөр хурдтай явж байсан галт тэрэг огцом тоормос гишгэж улмаар замаасаа гарч дотор нь сууж явсан олон зорчигчдыг хүнд хөнгөн гэмтээсэнтэй адил юм. Хөдөөнөөс хот луу орж ирж ажил хийдэг ядуу тариачин гаралтай явуулын ажилчдын дунд ажилгүйдэл өндөрсөж байгаа бөгөөд Хятадын уламжлалт цагаан сарын дараа ажилгүйдэл улам өсөх хандлагатай байгаа гэнэ. Зуны саруудад сургууль төгсөн хөдөлмөрийн зах зээлд ажил хайж орж ирэх 10 сая сургууль төгсөгчид байдлыг улам дордуулах аж.
Олимпоос болж нүүлгэн шилжүүлэгдсэн иргэд, шударга бус төрийн албан хаагчдын золиос болсон хүмүүс, ажилгүйдэлд өртөгсөдийн гаргасан бослого хөдөлгөөн Хятадын засгийн газрын тоолсоноор өнгөрсөн онд 80000 гарсан бол үнэн хэрэгтээ үүнээс хэд дахин илүү гэнэ. Хятадын түүхэндэх бүх эзэнт гүрэн ядуу тариачдын гаргасан бослогоор мөхөж байсан бөгөөд Монголын Юань гүрэнд ийм эмгэнэлт хувь заяа л тохиосон билээ. БНХАУ хэмээх энэхүү эзэнт гүрэнг ч ийм байдал тойрохгүй бололтой. Хятадын бүрэлдхүүнд байх Төвд, Шинжаан болон Өвөрмонголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн идэвхжих нь ойлгомжтой. Галаар тургилах хүчирхэг луу Хятадын дотоодын улс төр, эдийн засгийн байдал ноцтой хүнд болж бослого хөдөлгөөн өрнөж улмаар иргэний дайнд хүрч Хятад гүрэн бүхэлдээ шатаж эхлэж мэдэхээр байна шүү.
Хүрэн баавгайн савар
Сүүлийн 10 жилд газрын тосны галзуурсан үнэн дээр босож ирсэн Орос гүрэн ийм юм болно гэж зүүдлээ ч үгүй биз. Бээжинд олимп эхлэж олон түмний анхаарал тийш хандсан үеэр Гүрж хэмээх зөрүүд улсад хүчит баавгайн нударга амсуулсан нь чухамдаа өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг болсон аж. Маргаашнаас нь Оросын хөрөнгийн зах зээл хямарч томоохон компаниудын хувьцаа унаж эхэлжээ. Биржийн худалдааг хүчээр зогсоогоод ч нэмэр болсонгүй. Оросод үүссэн улс төрийн тогтворгүй байдлаас айсан барууны хөрөнгө оруулагчид ямар ч хамаагүй үнээр хувьцаагаа зараад гарахыг хүсжээ. Жишээ нь 8 сард 20 тэрбумаар үнэлэгдэж байсан ГАзПРОМ өнөөдөр 2 тэрбум хүрэхгүй зах зээлийн үнэлгээтэй болжээ. Шинэ он гарсаны дараагаар Оросын засгийн газар тус улсаас 2008 онд 170 тэрбум доллар гарч явсан гэсэн тоог зарлалаа. Нэг доллартай 23 рубль тэнцэж байсан бол өнөөдөр 33 болсон нь рубль бараг ханшныхаа 50 хувийг алджээ гэсэн үг. 500 тэрбум доллараар үнэлэгдсэн оросын гадаад валютын нөөц 350 тэрбум доллар луу орж багассан бөгөөд, Сангийн сайд нь 2009 оныг дэлхийн 2 дайнаас хойшхи хамгийн хүнд он болно гэж зарлалаа.
Оросын ажилгүйдэл хөл толгойгоо алджээ. Бидний сайн мэдэх Камаз, УАз гэх мэт үйлдвэрүүд бүгд зогссон буюу долоо хоногт цөөн хоногоор ажиллах болсон байна. Рублийн ханшны уналт ба ажилгүйдэл нь Орос дахь гэмт хэргийн өсөлт, үндэстэн хоорондын мөргөлдөөнд тусгалаа олох болов. Москва, Санкт Петрбург гэх мэт хотуудад ажил хийдэг хуучин ЗХУ бүрэлдхүүнд байдаг гадаадууд болох тажик, киргиз, узбекууд халдлагад өртөх нь ихсэв. Улмаар энэ нь оросын бүрэлдхүүнд байх Славян ба бусад үндэстнүүдийн хооронд томоохон ангал үүсгэх болов. Жишээ нь өнгөрсөн онд Москва хотод Тувагийн аварга шатарчин алагдсан бол Буриадын хэд хэдэн оюутан охид бас алагдсан байна. Тэдний буруу бол царай зүс нь славян биш монголжуу байсанд оршиж байгаа аж. Буриад, Тувад үүнтэй холбоотойгоор олон түмэн ихэд бухимдсан байна. Чухамдаа фашизмын гарт хамгийн их өртсөн Оросууд өөрсдөө шинэ фашизм буюу Орос славян төвт фашист улс болон хувирч байгаа нь оросын нэг эмгэнэл төдийгүй эцэстээ Оросыг мөхөөнө хэмээн зарим судлаачид айлдсан байна.
Чекист Путин эдийн засагаа дан ганц газрын тосноос хараат бус болгох, газрын тосноос орж ирсэн хөрөнгийг дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх гэх мэт анхан шатны эдийн засгийн арга хэмжээг авалгүйгээр улс төр хийж эрүүл мэнд, боловсрол, цэрэг зэвсэглэл рүү цацсан нь эргээд байдлыг хүндрүүлж байгаа бололтой.
Оросууд хямралаас гарах арга зам хайж ихээхэн хэмжээний хөрөнгө зарж байгаа боловч гадаад дотоод хүчин зүйлүүд нь эерэг үр дүн өгөхөд саад болж байна. Оросын эрүүл биш банк санхүүгийн ертөнц, авилгад автсан төрийн албан хаагчид хямралыг даван туулахад томоохон саад болож байгаа аж. Захиалгат аллага, улайм цайм луйвар Орос Орныг нөмөрчээ. Энэ сарын 19 нд Кремлээс хэдхэн зуун метрийн зайд , Чеченд Орос цэргийн аллагад өртсөн гэр бүлийн өмгөөлөгч, Орос залууг цуг явсан сэтгүүлч охины хамт буудаж хороосон бол үүнээс 2 сарын өмнө Москва дахь Монголын Элчингээс холгүй машин дотроо Чеченийн нэгэн томоохон улс төрч буудуулсан гэх мэт жишээнүүд нь үүний илрэл юм.
50 сая хүнтэй угсаа гарал нэгтэй Украйнтай хийж буй шатдаг хийний дайнд Оросын хэрэглэж буй муйхар арга нь ч Орос гүрний үнэн дүр төрхийг илэрхийлж байна.
Ийнхүү ичээнээсээ эрт сэрсэн мэт ууртай, дээрэлхүү Оросын хүрэн баавгай өлсгөлөн нэмээд өвчинд баригдаж эхэлсэн нь бидэнд хэр халтай бол.
Үхэр мэт Монголчууд
Бид үхэр мэт араншинтай гэдгээ хүлээн зөвшөөрөх нь шударга болно. Сүх далайтал үхэр амар байдаг гэдгийн адил хямрал хястал бид амар л байсан.
Гадаадын хөрөнгө оруулалт багасаад, газрын баялагын маань үнэ унаад, харьд ажилладаг хэд маань ажилгүй болоод ирэхийн алдад хямрал бидэнд мэдэгдлээ. Муу дээр муухай муухай дээр улцан гэгчээр энэ үед банкууд маань бас үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү баахан зээл тавиад туучихсан бололтой юм. Үл хөдөлдөг хөрөнгийн зах зээл унахдаа унасан шиг унадаг гэдгийг бидний хэн маань ч номон дээрээс л уншиж байснаас, Монгол банкны экс захирлын хэлсэнчлэн яс махаараа мэдрээгүй билээ. Монголын банкнууд, барилгын бизнес эрхлэгчид, ченжүүд, жирийн иргэд бүгд үл хөдлөх хөрөнгийн зах зээл улам өснө гэсэн итгэлтэйгээр тооцож наймаа хийсэн нь алдаа болов бололтой. Улсын төсөв нь 1.2 тэрбум доллараар хэмжигддэг улсад үл хөдлөх хөрөнгө тэгтлээ өсөхгүй шүү дээ гэж монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр овоо мөнгө хийчихээд гараад явчихсан гадны нэгэн дилер инээж байсан шүү.
Монголчууд бид бүх мөнгөө тоосго болгож орхиод одоо бэлэн мөнгө үгүй болсон дог шүү. Ийм алдаа гэхдээ дэлхийн аль ч улсад байнга гардаг, бид алдаан дээрээсээ сурах бизээ.
Хямралыг хэрхэн даван туулах вэ?, байдал улам дордох магадлалтай харагдаж байгаа. Монголын эдийн засгийг хямралаас аврахаар Баяр ерөнхий сайдын танхим ажиллаж байгаа. Биднийг хэн аврах багийн бүрэлдхүүнийг харья.
Ерөнхий сайд Баяр, сангийн сайд Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч Пүрэвдорж гэх мэт багийн гол гишүүд бүгдээрээ эдийн засгийн мэргэжлийн бус төдийгүй, ажлын туршлага мэдлэг бага хүмүүс харагдах юм.
Дээрх багийн эзэмшсэн боловсрол, ажилласан уршлага, эх оронч үзэл зэрэг аль ч шалгуураар нь болон одоог хүртэл авсан арга хэмжээнүүдийн цараа, үр дүн зэргээс харахад энэ баг биднийг аврах биш бид эднийг аврах хэрэгтэй мэт харагдана. Үүнээс ажлаа эхлэх хэрэгтэй байхаа.
Барууны бизнес сургуульд байнга давтдаг нэг гоё үг байдаг, ‘Think globally, work locally ‘ гэж, орчуулбал дэлхийн хэмжээнд сэтгэж, орон нутгийнхаа хэмжээнд ажиллах гэсэн утгатай. Хямралын цар хүрээг дэлхийн болон бүс нутаг, хөрш орнуудын хэмжээнд харан дүгнэлт хийгээд, Монголын онцлогт тохирсон , гадаад дотоод хүчин зүйлийг сайтар тооцсон бодлого боловсруулан ажиллах хэрэгтэй болсон биш үү. Мөн улс төрийн хий хоосон амлалт, хоосон тушаал шийдвэрүүдийн хажуугаар өөр аргуудыг бас хэрэглэж болмоор харагдана. Нэн ялангуяа эв нэгдэл дутагдаж байна. Гадаад дотоодод амьдарч байгаа иргэддээ уриалга гаргаж, хямралыг даван туулахын тулд хамтарч ажиллах, тэднийхээ хүчийг ашиглах гэх мэт Өмнөд солонгосчуудын 1997 оны хямралыг даван туулсан аргыг ч хэрэглэж болмоор. Хүн бүхэн чадах чинээгээрээ эх орон луугаа доллар явуулж, дотоодод буй иргэд,компаниуд нь гадаадаас доллараар худалдаж авч байгаа бараа, үйлчилгээ сайн дураараа хязгаарлаж оломгүй далай мэт олны хүчээр хямралаа давмаар байгаа.
Эс бөгөөс монголчууд бид сүх далайтал амар үхэр мэт тайван суусаар байгаад Оросын өлсгөлөн Баавгай, Хятадын түлэгдсэн Луу хоёрын идшэнд явчихвал араас нь хичнээн мөөрөөд ч хожигдсон л байх болно.
О.Бат
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment