Элбэгдорж эндүүрсэн нь
Ардчилсан хувьсгал ялсаны 20 жилийн ойг Монгол даяараа сүрхий тэмдэглэж, УИХ тусгай чуулган чуулж Элбэгээ нэртэй давжаа ерөнхийлөгч маань илтгэл нэгийг тавьсаныг та сонссон биз.
Төрийн тэргүүний вэб сайт луу ороод хэлсэн ярьсан үгийг нь шүүж тунгааж харлаа. Түүний хэлсэн үгний хий, хийсэн үйлийн лай мань мэтэд хамаагүй мэт боловч цаашдаа хэлэх үг, хийх үйл нь Монгол хүн бүхэнд хамаатай болохоор таны цагийг гарздаж байгааг ажаамуу.
Тэрээр “ Монголчуудын хувьд ардчилсан хувьсгал бол зөвхөн дотоод асуудал байгаагүй. Улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөт, бүрэн эрхт байдлаа жинхэнэ ёсоор баталгаажуулж, түүндээ эзэн байх түүхэн боломжийг нээсэн юм. Нөгөөтэйгүүр өнгөрөгч 20 жилийн Монголын нийгэмд өрнөсөн үйл явц нь зөвхөн тухайн он жилүүдийн ололт амжилт төдий зүйл биш юм. Төр улсын удаан жилийн зузаан түүхтэй, Монгол түмний олон зуун дамжсан тэмцэл зүтгэлийн үр дүн юм . Тэрээр цааш нь үүнийгээ тодруулж 20-р зууны эхний хагас гэхэд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгал, Монгол Улс НҮБ-д элссэнийг, ардчилсан хувьсгал өрнөснийг дурьдахад хангалттай” гэжээ.Сайхан л сонсогдож байна. Гэхдээ ерөнхийлөгч маань илтгэлдээ “Ардчилсан хувьсгал гэхийн учир бол манай нийгмийн үнэлэмж, шийдвэр гаргах үйл явц, хүн бүрийн ажил амьдралд чанарын өөрчлөлт гарсанд оршино” гэж хэлсэн мөртлөө энэхүү хувьсгал нь улс орны тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт байдлаа жинхэнэ ёсоор баталгаажуулж хэмээгээд хадуурч өгчээ. Аливаа улс тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор баталгаажуулна гэдэг бол бусад улс орнууд хүлээн зөвшөөрч, дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн болсоноор баталгааждаг билээ. Монголыг үл хүлээн зөвшөөрөгч Хятад улсын ерөнхийлөгч Чан Кайши 1946 оны 1 сарын 6 нд Монголыг хүлээн зөвшөөрсөн бол, 1961 онд Монгол улс НҮБ ын гишүүн болсоноор жинхэнэ ёсоор тусгаар тогтнолоо баталгаажуулсан нь Элбэгдоржийг 1963 онд Ховдын хязгаарт захчин хэмээх бага ястаны гэр бүлд төрөхөөс өмнө болсон хэрэг билээ. Тэрээр бас Ардчилсан хувьсгалыг 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалын зиндаанд аваачиж тавьсан нь тийм зөв зүйрлэл болсонгүй. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын хөдөлгөөнүүдийг өөрийн нь хэлсэнчлэн хүн бүрийн ажил амьдралд чанарын өөрчлөлт гаргасан хувьсгалтай, зэрэгцүүлэх нь буруу юм. 1911 оны хөдөлгөөнийг удирдсан Цэргийн яамны тэргүүн сайд Гомбосүрэн, Дотоод яамны тэргүүн сайд Цэрэнчимэд, Гадаад яамны сайд Ханддорж, Сангийн сайд Чагдаржав, Ерөнхий сайд Намнансүрэн нар 1911 -1919 оны хооронд бүгд хорлогдон нас барсан бол, Ардын хувьсгалыг удирдсан Бодоо, Сүхбаатар, Данзан нар бүгд л зуурдаар нас баржээ. Дээрх хүмүүсийн үхэлд бүгдэд нь Орос Хятадын тусгай албад оролцсон нь бидний эрх чөлөө ямар их үнээр олдсоны баталгаа билээ. Харин 1989 онд өлсгөлөн зарлаж байсан ардчилагчдын аманд хоол хийх гэсэн оролдлогыг гадны тусгай албад хийгээгүй билээ. Өөрсдийн өчүүхэн гавьяаг жинхэнэ баатарлаг эрчүүдийн цусаа урсгаж, алтан амиараа мөнхөлсөн түүхтэй зэрэгцүүлэх нь инээдэмтэй .
Тэрээр цааш үргэлжлүүлэн “Ардчилсан хувьсгал гэхийн учир бол манай нийгмийн үнэлэмж, шийдвэр гаргах үйл явц, хүн бүрийн ажил амьдралд чанарын өөрчлөлт гарсанд оршино. Иргэн үзэл бодлоо илэрхийлбэл “цуурлаа” гэж, шүтлэг бишрэлтэй бол “буруу номтон” гэж шийтгэгдэхээ больсон. Худалдаа хийвэл “дамын наймаачин” гэж мөрдөгдөхөө байсан. Гадагшаа дотогшоо ч манай иргэд “зам явах”-гүй чөлөөтэй зорчдог болжээ. Өмч хөрөнгөтэй болбол “хувийн сонирхолтой” гэж ад үзэгдэхээ байжээ”. гэж хэлсэн нь үнэхээр 1989 оны үйл явдлыг нүдээр үзсэн хүний хувьд тэр үеийн зураглалыг санагдууллаа. Талбай дээр тусгай хангамжийг устгая, Их тэнгэр, Тусгай хоёрдугаар эмнэлэг, Сайд нарын аравдугаар дэлгүүрийг хаая гэсэн уриа барин жагсаж байгаа хүмүүсийг зурагтаар харж байснаа саналаа. Тэр үед хүмүүсийн хамгийн бухимдлыг хүргэж байсан шударга бус ёсны бэлэгдэл бол дээрх газрууд байлаа. Гэвч та сайн нэг хараарай. Зарим зүйлс нэр хаягаа сольсон болохоос таг хэвээрээ. Жишээ нь ерөнхийлөгч маань одоо өөрөө Их тэнгэрт заларч, Тусгай хоёрдугаар эмнэлэгт хэвтдэг, төрийн тусгай үйлчилгээнд умбаж, ард түмнээсээ айгаад Саарал ордонгоо төмөр хашаагаар хашиж авсан. Чөлөөтэй үзэл бодол илэрхийлэх гэдэг дээр бол төв талбай дээр бидэнд өөрийхөө үзэл бодлыг тулгаж хошгируулдаг болжээ. (та бүхэн нэгэнтээ түүний ард түмнийг хошгируулах тухай бичлэгийг үзсэн байх) .
‘’Буруу номтон’’ энэ тэрийн хувьд бол өөрөө жинхэнэ буруу номтон болоод сонгуулийг нь ивээн тэтгэсэн Солонгосчуудын өмнө христиан болж хувирахыг сая үзэв.
Гадагшаа явах “зам явах” цаасны тухайд бол ядууралд автсан монголчуудын арай боломжтой 10 хувь нь гадагшаа зугтаж гарсан бол, ядуу нэгэнд нь “зам явах” хэрэггүй бөгөөд гадныхан өөрсдөө “зам явах” гээчийг аваад хүрээд ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл Монгол нутгийн баруун хязгаар Элбэгээгийн өөрийн нутаг Ховдын Хөшөөтийн уурхайгаас абахуулаад зүүн хязгаар Тамсагийн газрын тосон дээр баасан дээр суусан хар ялаа мэт хятадуудын наашаа орж ирэх “зам явах” буюу визийг хэн нэгэн олгожээ.
Түүний илтгэлийн дараагийн хэсэг нь дараачийн хорин жилд юу хийх тухай юм. Бид дэлхийн хэмжээнд сэтгэж, төлөвлөж хийх ёстой тухайг дурдаад өөрчлөгдөн хувирч байгаа дэлхийн байгаль цаг агаарын өөрчлөлт болон улс төрийн геополитикийн асуудлыг анхаарахыг уриалжээ. Геополитикийн бодлого дээр бол өглөө бүр Элбэгдоржийг сэрэхэд нь зөвлөхүүд нь та нам биш улс толгойлж байгаа гэдгийг нь сануулж баймаар. Ичмээр юм болсон доо. Оросын ерөнхийлөгч Медведев Монголд энэ оны 9 сард айлчлахын өмнөхөн Элбэгдорж ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Дорлигжов айлчлалын бэлтгэл хангахаар Москва яваад иржээ. Ирмэгцээ Онгоцны буудал дээр бууж амжаагүй байхдаа Монголчууд бид нар Орост өртэй юм байна, Оросууд тэгж хэллээ хэмээн цуурч өгөв. Түүний албан тушаал бол улс төрийн албан тушаал билээ. Ардчилсан намын албан тушаал биш сэн. МАХН ба түүний удирдлага Оросын их өрийг дараагүй байна. Тэрээр ийнхүү Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг хийж эхлэв. Иймэрхүү уур амьсгал Монгол бүрдүүлсэний дараагаа Оросууд ирээд баахан дарамталж байгаад буцав. Өр дарах ажлын бүрэлдхүүнд ажилласан хүмүүс тэй дараа нь уулзаж ярилцаж байхад Ерөнхийлөгчийн тамгын газар Оросуудын үгээр үг хийсэн бөгөөд Өр дарах комисст ажилласан Монголчуудын гар дээр байгаа Оросын ерөнхий сайдын гарын үсэгтэй өр цайрсан тухай захиа, бусад техник бичиг баримтыг үзсэн бол тэгж хүний аманд унахгүй байсан гэжээ. Тухайн үед Монгол улсын ерөнхийлөгчид Монголын геополитикийн асуудалаас илүү МАХН ын нэр унах нь ашигтай байжээ. Хүндээ хөнгөнөөс өгөхгүй байхыг геополитикийн зөв бодлого гэдэг байлтай.
Тэрээр цааш нь бид хөмөрсөн тогоо мэт сэтгэлгээг толгойноосоо авч хаямаар байна хэмээн уриалжээ. Тэрийгээ эрхэм ерөнхийлөгч өөрөөсөө эхлэх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Элбэгдорж шүүхийхэнтэй уулзах хүсэлт тавьсанд шүүхийхэн бид улс төрөөс анги албаны хүмүүс тул сонгуулийн суртачилгааны хүрээнд таньтай уулзах боломжгүй гэжээ. Ерөнхийлөгч болмогцоо Элбэгдорж төв шүүхийхэн дээр очоод өрөөнүүдээр нь орж ажлыг нь шалгаад гарахдаа коридорт, одоо та нар надтай нэг өрөөнд орж уулзана гэх байх тийм юм байхгүй шүү гээд гарч өгчээ. Итгэмээргүй юм билээ, тэгэхдээ төрийн тэргүүний толгой дотор хөмөрсөн тогоонд жижиг өс хонзон атаа жөтөө явж л байхыг Цагын хүрд нэвтрүүлгээр харав.
Цааш нь “Монголын хүн амын 90 орчим хувь нь ардчиллыг дэмждэг гэж хариулдаг. Гэтэл тодорхой төрийн байгууллагын ажлын тухай асуухад тэр дэмжлэг хүн амын дотор гуравны нэг хувьд ч хүрэх үгүйтэй байна. Энэ бол өнгөрсөн 20 жилийн та бидний ажлын үр дүн хөрсөн дээрээ сайн буугаагүй, очих эзэндээ бүрэн очоогүй, хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхгүй байгааг л харуулж буй үзүүлэлт” гэжээ. Хэрвээ ийм судалгаа байгаад , ийм үр дүн гарсан бол Элбэгдорж өөрийгөө болон өөрийнхөө дэмжигчдийн үнэн дүр төрхийг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. “Та бүхэн” гэж Элбэгдоржийн хэлсэн тэр хүмүүс буюу сүүлийн 20 жилд улаан ардчилагч болон хувирч өндөр албанд очсон , өөрсдөө ардчилал гэдгээ ойлгоогүй, хөрсөн дээрээ буулгаж аваагүй бас эзэн нь болоогүй тэр олон хүмүүс бол хуурамч ардчилагчид юм. Тэд ардчилал нэрийн дор авилгал, гэмт хэрэг үйлдэгчид билээ. Энэ хүмүүс хэн бэ гэдгийг та өөрөө хариулаарай. Харин сөрөг хүчинд байгаа эсвэл ардчилсан намын гишүүн биш хүмүүс бол монголын ардчилалын дайсан биш юм. Тэр хүмүүс ардчилсан нэртэй нам болгон ба ардчилагчид байдаггүй гэдгийг мэддэг хүмүүс бизээ.
Тэрээр цааш нь илтгэлийнхээ төгсгөл хэсгийг иргэддээ эрхийг нь өгье гэж нэрлээд “Ардчилсан хувьсгалын ачаар нийгмийн ачааг төр бүхэлд нь үүрэхээ больсон. Манай нийгмийн ихэнх ачаа чөлөөт, бүтээлч иргэдийн маань нуруун дээр очсон. Малчдыг хар, тариаланчдыг хар. Нийтийн хоолны газар, дэлгүүр хоршоогоо хар. Худалдаа наймааг аваад үз. Уран бүтээлчид, хэвлэлийнхнийг хар. Амьдралаа аваад явж байгаа айл гэрийг хар. Төр ачаагаа ард түмэндээ үүрүүлсэн атал эрхийг нь яагаад өгөхгүй байна. Ийм байдлаасаа Монголын эрх баригчид бид бүгд ичих ёстой. Ичихэд ч багадна. Шийдвэр гаргах эрхийг нь, шийдвэр гаргахад оролцох эрхийг нь иргэддээ өгье” гэжээ. Ард түмнээ харцгаая , ард түмний дийлэнх нь ядууралтай, таны хэлсэнчлэн амьдралаа аваад явж байгаа айл өрх хэр олон билээ , хөдөө орон нутаг эзгүйрч малчид ядуурч хот луу чиглэж нүүж, монгол орны онгон байгаль сүйдэж, монгол улс тэр чигээрээ эксковаторын шанаган дор сэндчүүлж байна. Орой үдэш болмогц хүн бүхэн гэр орондоо яаж мэнд харих бэ хэмээн түгшиж, монгол нутагтаа тайван амгалан сууж чадахгүй болжээ. Мөнгө төгрөг муу бол эрүүл мэндээ хамгаалах, сайн боловсрол эзэмших тухай бодоод ч хэрэггүй болжээ. Гар утастай, хувьдаа машинтай хүний тоо нэмэгдлээ гэцгээх юм, ардчилал байхгүй хятад гүрнээр дүүрэн машин , адгийн ядуу африкаар дүүрэн гар утас бий шүү. Ардчилал биш технологийн дэвшил шүү дээ.
“Ард түмэнд эрх өгье” гэж та илтгэлдээ онцолжээ. Сүүлийн 20 жилд ард түмэн таньд 2 удаа ерөнхий сайд, нэг удаа ерөнхйилөгч хийх эрх өглөө, танай нам хичнээн ч олон сонгуульд ялалт байгуулав. Ард түмэн эрхээ таньд өгөв. Харин Ардчилалын 20 жилд ард түмэн биш ардчилагчид өөрсдөө баяжиж , эрх мэдлийг авчээ. Энэ 20 жилд та бүхний таргалж баяжсан , ард түмний турж , ядуурсан бараг тэнцэх биздээ. Ядрууралд хүрсэн ард түмэн ардчилал гэдэг хоосон үгийг идэлтэй биш, сонгуулийн өмнө хэн хэдэн төгрөг өгнө , амлана тэрэнд нь хууртдаг болсон нь ядууралд өртсөний тод илрэл билээ. Элбэгдорж илтгэлээ монголчууд бүгдээрээ ардчилагчид болж хувирлаа хэмээн төгсгөжээ. Миний бодлоор хойморт суух ерөнхийлөгч жинхэнэ ардчилагч болтол, үүдэнд суух ядуучууд хүн шиг амьдардаг болтол зөндөө хол байна.
Энэ нийтлэлийг нэгэн ухаантны хэлсэн үгээр дуусгая. Ард түмнээ аврахыг хүсэж байна уу, тэгвэл ард түмнийг аврал хайх хэмжээнд хүргэсэн өнөөдрийн удирдлагаас нь эхэлж авраарай, гол буруутан нь тэд байдаг юм гэжээ.
О. Батбаяр
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment