Followers

Wednesday, 17 March 2010

Бат Хааны балагтай үрс Орос оронд одоо ч амар заяа үзүүлэхгүй л байна


Бат Хааны балагтай үрс Орос оронд одоо ч амар заяа үзүүлэхгүй л байна


Энэ оны 3 сарын 5 нд Чеченийн салан тусгаарлагч, лалын хэт даврагчдын томоохон удирдагч Александр Тихомиров гэгч Оросын тусгай албадын гарт амиа алдсан билээ.
Чимээгүй дайн болж байгаа Кавказад хэн нэгэн хүн амиа алдах нь жирийн нэгэн үзэгдэл боловч, энэ удаа Оросын бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдээр энэ мэдээ цацагдаж , сүүлийн долоо хоногт хамгийн их олны анхаарлыг татсан мэдээ болов.
Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров энэ мэдээнд хамгийн их баярласан нэгэн байсан бол энэхүү үйл явдалаас нэрээ цэвэрлэж авахаар яарагсад нь буриадууд байлаа. Арга ч үгүй юм, Оросын лал шашинтнуудын дунд Саид Бурятский нэрээр алдаршсан энэхүү 28 настай залуу 1982 онд Улаан Үд хотод төржээ. Түүний эцэг нь Буриад эх нь Орос хүн байжээ. Эцэг нь түүнийг төрсөнөөс хойш тун удалгүй нас барсан тул хөгшчүүл дээрээ өсжээ. Тэрээр 15 нас хүртлээ Буддын дацанд ном үзэж байснаа сахиусаа өөрчлөн Лал шашинд оржээ. Удалгүй Москвад шилжин ирж «Расуль Акрам» хэмээх лал шашны сүмд ном үзэж улмаар 2002 онд «Аль-Азхар» хэмээх лалын дээд сургуульд Египетэд суралцжээ. Энэ хугацаанд тэрээр Лал шашны томоохон сургааль номуудыг араб хэл дээр уншин судалж, дийлэнх сургааль номлолыг цээжээр унших хэмжээнд хүрчээ. Түүний шударга, номч байдал нь олон түмэнд үнэлэгдэх хэмжээнд хүрч эхэлжээ. 2005 онд Кувейт ба Саудын Арабт явж ном хаялцжээ. Тэрээр удалгүй Москва хотын лалын төв сүмд суух болж, лал шашны чиглэлээр томоохон лекцүүдийг бичин тарааж, Оросын лал шашинтан залуусын дунд номч мэргэн лал шашинтны зүтгэлтэн болон хувирчээ. Ялангуяа түүний «Праведные предшественники», «Путешествие в вечную жизнь», «Талбис», «100 историй гибели несправедливых» зэрэг лекцүүд нь нэрд гарчээ. 2007 онд тэрээр Лал шашны өлгий Саудын Арабын Мекка хотод шашнй зэрэг хамгаалан очиж «Священная Мекка» хэмээх лекц бичжээ.
2008 оны эхээр тэрээр гэнэт шийдвэр гарган Кавказын лал шашинтнуудыг авран хамгаалахаар «Ариун дайнд» нэгджээ. «Эхо Москва» радиогийн сэтгүүлч Юлия Латынина түүний энэхүү үйлдлийг Буриадууд дундаас «Исламийн Че Гевара» төрөн гарлаа хэмээсэн нь оргүй юм биш аж.
Тун удалгүй Кавказын ууланд хээрийн цэргийн хувцас өмсөн, үс сахлаа ургуулсан түүний видео лекцүүд Оросын лал шашинтангуудын вэб сайтууд дээр тавигдан, хит болж хувирсан байна. Намуун зөөлөн дуугаар , араб эх сурвалжуудас иш татан, зөв цэгцтэй, уялдаа холбоо сайтай ухуулан сэнхрүүлж унших түүний лекцүүд нь үнэхээр хүмүүсийн сэтгэлд хүрч байлаа. Чеченийн ерөнхийлөгч түүнийг Кавказын тэрслүү үзэлтнүүдийн оюун санааны удирдагч хэмээн буруушааж түүний толгойг авчирсан хүнд Оросын ерөнхийлөгч Путин хэдэн арван сая доллар амлаж эхлэв. Арга ч үгүй биз, түүнийг ирсэнээс хойш Кавказын дайн өөр өнгө аястай, улам олон залуус ирж нэгдсэн, ариун дайн болон хувирчээ. Урьд нь энэхүү дайныг удирдагчид дандаа шилдэг террористууд байсан бол энэ удаа уран илтгэгч, шашны номд нэвтэрхий, кавказ бус буриад гаралтай нэгэн удирдаж байлаа.
Тэрээр зөвхөн лекц уншсангүй, Орос орныг доргиосон томоохон террорист халдлагуудыг зохион байгуулав. Владимир Путин тогтворгүй байдалд автагдсан Ингушетийн ерөнхийлөгчийг сольж шинээр Юнус Бекийг томилжээ. Гэвч түүнийг ажлаа аваад долоо хоноогүй байхад нь өргөөнийх нь гадна дэлбэлсэн арга хэмжээг Саид Бурятский зохион байгуулав. Энэ нь жирийн нэгэн дэлбэлэлт боловч нөгөө талаараа Путингээр шоглоом хийсэн явдал болжээ. Тун удалгүй 2009 оны 12 сард Оросын элитүүдын зорчдог Невский экспресс хэмээх галт тэргийг дэлбэлжээ. Энэ үед Санкт Петербургийн удирдлагууд болон Оросын Томоохон яам агентлагын дарга нар алагджээ. Түүгээр ч зогсохгүй 2 дахь бөмбөгийг дэлбэрэлтийн дараагаар тусламж үзүүлэхээр ирсэн цэргийхэн аврах ажиллагаа хийх үед дэлбэлэхээр зохион байгуулж Оросын томоохон генералүудын аминд хүрэх шахжээ. Үүнтэй зэрэг шахуу бөмбөг дэлбэрэлгүй удсан, онцгой хамгаалалтад байдаг Чечений ерөнхийлөгчийн ордны өмнө бөмбөг дэлбэлсэн нь зэрэг нь Кавказ төдийгүй Орос орныг цочоож Оросын ард түмэн Путин ба Кадыров 2 бол Кавказын асуудлыг шийдэх чадваргүй хүмүүс хэмээн дүгнэхэд хүргэж байдлыг хурцатгажээ.
Сайд Бурятскийг агнах гэсэн оролдлого улам олон удаа гарах болжээ. Улмаар энэ оны 3 сарын 5 нд Ингушетийн нэгэн тосгоны ойролцоо томоохон террорист ажиллагаа зохион байгуулах бэлтгэл хийж байх үед нь урвагчдын мэдээлэл Оросын цэргийхэнд хүрч, хүч тэнцвэргүй байлдааны явцад тэрээр алагджээ. Хэдэн арван танк, хэдэн зуун цэргүүд тэдний байрлаж байсан байшинг бүсэлж байлдсан бөгөөд эцсийн мөчид тэрээр гар утсан дээр бичлэг хийж үхлээс айхгүй байгаагаа мэдэгдэж, өөрийн хийж байсан бүх үйлдэл үнэн зөв байсан гэдэгт итгэж байгаагаа мэдэгджээ.
Түүний өөрийн хэлсэнчлэн чухамдаа хэний зөв буруу байсныг бурхан шүүн тунгаах бизээ.
Харин энэхүү үйл явдал намжиж амжаагүй байтал Орос орон даяар сүүлийн 3 хоног

нэгэн монголжуу царайтай залууг эрэн сурвалжилж эхлэв. Якуб Картакаев хэмээх 27 настай энэ залуу 3 сарын 13 нд Москва хотын Кунцево дүүрэгт гэмт хэрэгт сэжиглэгдэн зогсоогджээ. Түүнийг зогсоосон 2 цагдаагын нэгийг буудаж амийг нь хороосон бол нэгийг нь шархдуулан зугтжээ. . Тэрээр өөрөө бас шархдсан бөгөөд 3 хоногий дараа төрсөн эцэг нь түүнийг барихад тусалж олж өгчээ. Энэхүү гэмт хэрэг Орос орныг дахин цочроолоо.
Энэхүү залуу бол Дагестаны нутагт орших Ногайчууд амьдардаг Цагаан хэмээх суурингаас гаралтай нэгэн ажээ. Ногайчууд хэмээх эдгээр хүмүүс бол Монголын Бат Хааны үнэнч цэргийн жанжин Ногай эсвэл Нохай хэмээх хүний нэрээр нэрлэгдсэн монгол ба кавказ үндэстнүүд холилдон бий болсон үндэстнүүд юм. Ногай жанжин 1280 оны үед ихэд хүчирхэгжин бие даасан бодлого явуулах болж, эрхшээлдээ Оросын өмнөд хэсэг, Кавказын нурууг захирч, Болгар, Түрк, Унгар, Сербийг эзэлж, Крым хойгийн худалдааг хянаж байв. Түүний хүү Болгарт очиж хаан сууж байсан бөгөөд, охид нь Серб,Унгар, Туркийн хааны хатан болжээ. Ногай жанжин 1299 онд Алтан ордны Токта хаанд цохигдсон боловч түүний үр сад бэлчээр сайт Астрахан ,Ставрополийн хязгаарыг Баруун Монголоос нүүж очсон Халимагуудад 1600 оны үед цохиулах хүртлээ хянаж , Орос орны өмнөд хил дээр Оросуудад амар заяа үзүүлээгүй бөгөөд Крымийн татаруудтай хамтран Москваг олон удаа шатаасан этгээдүүд билээ. Бүр сүүлийн үеийн бас нэгэн явдал бол 1996, 2000 оны Ороч Чеченийн дайны үед Ногайчуудын батальон Оросуудад томоохон цохилт олон удаа өгсөн байдаг.
Бат Хаан Орос орныг эрхшээлдээ оруулан 300 жил самарсан бол Оросын эрхшээлд орсон Бат Хааны үр сад болох дээрх 2 залуу лав л энэ 3 сард Орос орныг балагт явдалаараа амар жимэр байлгасангүй.
О. Батбаяр
Лондон

Tuesday, 16 March 2010

Элбэгдорж эндүүрсэн нь

Элбэгдорж эндүүрсэн нь
Ардчилсан хувьсгал ялсаны 20 жилийн ойг Монгол даяараа сүрхий тэмдэглэж, УИХ тусгай чуулган чуулж Элбэгээ нэртэй давжаа ерөнхийлөгч маань илтгэл нэгийг тавьсаныг та сонссон биз.
Төрийн тэргүүний вэб сайт луу ороод хэлсэн ярьсан үгийг нь шүүж тунгааж харлаа. Түүний хэлсэн үгний хий, хийсэн үйлийн лай мань мэтэд хамаагүй мэт боловч цаашдаа хэлэх үг, хийх үйл нь Монгол хүн бүхэнд хамаатай болохоор таны цагийг гарздаж байгааг ажаамуу.
Тэрээр “ Монголчуудын хувьд ардчилсан хувьсгал бол зөвхөн дотоод асуудал байгаагүй. Улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөт, бүрэн эрхт байдлаа жинхэнэ ёсоор баталгаажуулж, түүндээ эзэн байх түүхэн боломжийг нээсэн юм. Нөгөөтэйгүүр өнгөрөгч 20 жилийн Монголын нийгэмд өрнөсөн үйл явц нь зөвхөн тухайн он жилүүдийн ололт амжилт төдий зүйл биш юм. Төр улсын удаан жилийн зузаан түүхтэй, Монгол түмний олон зуун дамжсан тэмцэл зүтгэлийн үр дүн юм . Тэрээр цааш нь үүнийгээ тодруулж 20-р зууны эхний хагас гэхэд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгал, Монгол Улс НҮБ-д элссэнийг, ардчилсан хувьсгал өрнөснийг дурьдахад хангалттай” гэжээ.Сайхан л сонсогдож байна. Гэхдээ ерөнхийлөгч маань илтгэлдээ “Ардчилсан хувьсгал гэхийн учир бол манай нийгмийн үнэлэмж, шийдвэр гаргах үйл явц, хүн бүрийн ажил амьдралд чанарын өөрчлөлт гарсанд оршино” гэж хэлсэн мөртлөө энэхүү хувьсгал нь улс орны тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт байдлаа жинхэнэ ёсоор баталгаажуулж хэмээгээд хадуурч өгчээ. Аливаа улс тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор баталгаажуулна гэдэг бол бусад улс орнууд хүлээн зөвшөөрч, дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн болсоноор баталгааждаг билээ. Монголыг үл хүлээн зөвшөөрөгч Хятад улсын ерөнхийлөгч Чан Кайши 1946 оны 1 сарын 6 нд Монголыг хүлээн зөвшөөрсөн бол, 1961 онд Монгол улс НҮБ ын гишүүн болсоноор жинхэнэ ёсоор тусгаар тогтнолоо баталгаажуулсан нь Элбэгдоржийг 1963 онд Ховдын хязгаарт захчин хэмээх бага ястаны гэр бүлд төрөхөөс өмнө болсон хэрэг билээ. Тэрээр бас Ардчилсан хувьсгалыг 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалын зиндаанд аваачиж тавьсан нь тийм зөв зүйрлэл болсонгүй. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын хөдөлгөөнүүдийг өөрийн нь хэлсэнчлэн хүн бүрийн ажил амьдралд чанарын өөрчлөлт гаргасан хувьсгалтай, зэрэгцүүлэх нь буруу юм. 1911 оны хөдөлгөөнийг удирдсан Цэргийн яамны тэргүүн сайд Гомбосүрэн, Дотоод яамны тэргүүн сайд Цэрэнчимэд, Гадаад яамны сайд Ханддорж, Сангийн сайд Чагдаржав, Ерөнхий сайд Намнансүрэн нар 1911 -1919 оны хооронд бүгд хорлогдон нас барсан бол, Ардын хувьсгалыг удирдсан Бодоо, Сүхбаатар, Данзан нар бүгд л зуурдаар нас баржээ. Дээрх хүмүүсийн үхэлд бүгдэд нь Орос Хятадын тусгай албад оролцсон нь бидний эрх чөлөө ямар их үнээр олдсоны баталгаа билээ. Харин 1989 онд өлсгөлөн зарлаж байсан ардчилагчдын аманд хоол хийх гэсэн оролдлогыг гадны тусгай албад хийгээгүй билээ. Өөрсдийн өчүүхэн гавьяаг жинхэнэ баатарлаг эрчүүдийн цусаа урсгаж, алтан амиараа мөнхөлсөн түүхтэй зэрэгцүүлэх нь инээдэмтэй .
Тэрээр цааш үргэлжлүүлэн “Ардчилсан хувьсгал гэхийн учир бол манай нийгмийн үнэлэмж, шийдвэр гаргах үйл явц, хүн бүрийн ажил амьдралд чанарын өөрчлөлт гарсанд оршино. Иргэн үзэл бодлоо илэрхийлбэл “цуурлаа” гэж, шүтлэг бишрэлтэй бол “буруу номтон” гэж шийтгэгдэхээ больсон. Худалдаа хийвэл “дамын наймаачин” гэж мөрдөгдөхөө байсан. Гадагшаа дотогшоо ч манай иргэд “зам явах”-гүй чөлөөтэй зорчдог болжээ. Өмч хөрөнгөтэй болбол “хувийн сонирхолтой” гэж ад үзэгдэхээ байжээ”. гэж хэлсэн нь үнэхээр 1989 оны үйл явдлыг нүдээр үзсэн хүний хувьд тэр үеийн зураглалыг санагдууллаа. Талбай дээр тусгай хангамжийг устгая, Их тэнгэр, Тусгай хоёрдугаар эмнэлэг, Сайд нарын аравдугаар дэлгүүрийг хаая гэсэн уриа барин жагсаж байгаа хүмүүсийг зурагтаар харж байснаа саналаа. Тэр үед хүмүүсийн хамгийн бухимдлыг хүргэж байсан шударга бус ёсны бэлэгдэл бол дээрх газрууд байлаа. Гэвч та сайн нэг хараарай. Зарим зүйлс нэр хаягаа сольсон болохоос таг хэвээрээ. Жишээ нь ерөнхийлөгч маань одоо өөрөө Их тэнгэрт заларч, Тусгай хоёрдугаар эмнэлэгт хэвтдэг, төрийн тусгай үйлчилгээнд умбаж, ард түмнээсээ айгаад Саарал ордонгоо төмөр хашаагаар хашиж авсан. Чөлөөтэй үзэл бодол илэрхийлэх гэдэг дээр бол төв талбай дээр бидэнд өөрийхөө үзэл бодлыг тулгаж хошгируулдаг болжээ. (та бүхэн нэгэнтээ түүний ард түмнийг хошгируулах тухай бичлэгийг үзсэн байх) .
‘’Буруу номтон’’ энэ тэрийн хувьд бол өөрөө жинхэнэ буруу номтон болоод сонгуулийг нь ивээн тэтгэсэн Солонгосчуудын өмнө христиан болж хувирахыг сая үзэв.
Гадагшаа явах “зам явах” цаасны тухайд бол ядууралд автсан монголчуудын арай боломжтой 10 хувь нь гадагшаа зугтаж гарсан бол, ядуу нэгэнд нь “зам явах” хэрэггүй бөгөөд гадныхан өөрсдөө “зам явах” гээчийг аваад хүрээд ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл Монгол нутгийн баруун хязгаар Элбэгээгийн өөрийн нутаг Ховдын Хөшөөтийн уурхайгаас абахуулаад зүүн хязгаар Тамсагийн газрын тосон дээр баасан дээр суусан хар ялаа мэт хятадуудын наашаа орж ирэх “зам явах” буюу визийг хэн нэгэн олгожээ.
Түүний илтгэлийн дараагийн хэсэг нь дараачийн хорин жилд юу хийх тухай юм. Бид дэлхийн хэмжээнд сэтгэж, төлөвлөж хийх ёстой тухайг дурдаад өөрчлөгдөн хувирч байгаа дэлхийн байгаль цаг агаарын өөрчлөлт болон улс төрийн геополитикийн асуудлыг анхаарахыг уриалжээ. Геополитикийн бодлого дээр бол өглөө бүр Элбэгдоржийг сэрэхэд нь зөвлөхүүд нь та нам биш улс толгойлж байгаа гэдгийг нь сануулж баймаар. Ичмээр юм болсон доо. Оросын ерөнхийлөгч Медведев Монголд энэ оны 9 сард айлчлахын өмнөхөн Элбэгдорж ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Дорлигжов айлчлалын бэлтгэл хангахаар Москва яваад иржээ. Ирмэгцээ Онгоцны буудал дээр бууж амжаагүй байхдаа Монголчууд бид нар Орост өртэй юм байна, Оросууд тэгж хэллээ хэмээн цуурч өгөв. Түүний албан тушаал бол улс төрийн албан тушаал билээ. Ардчилсан намын албан тушаал биш сэн. МАХН ба түүний удирдлага Оросын их өрийг дараагүй байна. Тэрээр ийнхүү Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг хийж эхлэв. Иймэрхүү уур амьсгал Монгол бүрдүүлсэний дараагаа Оросууд ирээд баахан дарамталж байгаад буцав. Өр дарах ажлын бүрэлдхүүнд ажилласан хүмүүс тэй дараа нь уулзаж ярилцаж байхад Ерөнхийлөгчийн тамгын газар Оросуудын үгээр үг хийсэн бөгөөд Өр дарах комисст ажилласан Монголчуудын гар дээр байгаа Оросын ерөнхий сайдын гарын үсэгтэй өр цайрсан тухай захиа, бусад техник бичиг баримтыг үзсэн бол тэгж хүний аманд унахгүй байсан гэжээ. Тухайн үед Монгол улсын ерөнхийлөгчид Монголын геополитикийн асуудалаас илүү МАХН ын нэр унах нь ашигтай байжээ. Хүндээ хөнгөнөөс өгөхгүй байхыг геополитикийн зөв бодлого гэдэг байлтай.
Тэрээр цааш нь бид хөмөрсөн тогоо мэт сэтгэлгээг толгойноосоо авч хаямаар байна хэмээн уриалжээ. Тэрийгээ эрхэм ерөнхийлөгч өөрөөсөө эхлэх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Элбэгдорж шүүхийхэнтэй уулзах хүсэлт тавьсанд шүүхийхэн бид улс төрөөс анги албаны хүмүүс тул сонгуулийн суртачилгааны хүрээнд таньтай уулзах боломжгүй гэжээ. Ерөнхийлөгч болмогцоо Элбэгдорж төв шүүхийхэн дээр очоод өрөөнүүдээр нь орж ажлыг нь шалгаад гарахдаа коридорт, одоо та нар надтай нэг өрөөнд орж уулзана гэх байх тийм юм байхгүй шүү гээд гарч өгчээ. Итгэмээргүй юм билээ, тэгэхдээ төрийн тэргүүний толгой дотор хөмөрсөн тогоонд жижиг өс хонзон атаа жөтөө явж л байхыг Цагын хүрд нэвтрүүлгээр харав.
Цааш нь “Монголын хүн амын 90 орчим хувь нь ардчиллыг дэмждэг гэж хариулдаг. Гэтэл тодорхой төрийн байгууллагын ажлын тухай асуухад тэр дэмжлэг хүн амын дотор гуравны нэг хувьд ч хүрэх үгүйтэй байна. Энэ бол өнгөрсөн 20 жилийн та бидний ажлын үр дүн хөрсөн дээрээ сайн буугаагүй, очих эзэндээ бүрэн очоогүй, хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхгүй байгааг л харуулж буй үзүүлэлт” гэжээ. Хэрвээ ийм судалгаа байгаад , ийм үр дүн гарсан бол Элбэгдорж өөрийгөө болон өөрийнхөө дэмжигчдийн үнэн дүр төрхийг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. “Та бүхэн” гэж Элбэгдоржийн хэлсэн тэр хүмүүс буюу сүүлийн 20 жилд улаан ардчилагч болон хувирч өндөр албанд очсон , өөрсдөө ардчилал гэдгээ ойлгоогүй, хөрсөн дээрээ буулгаж аваагүй бас эзэн нь болоогүй тэр олон хүмүүс бол хуурамч ардчилагчид юм. Тэд ардчилал нэрийн дор авилгал, гэмт хэрэг үйлдэгчид билээ. Энэ хүмүүс хэн бэ гэдгийг та өөрөө хариулаарай. Харин сөрөг хүчинд байгаа эсвэл ардчилсан намын гишүүн биш хүмүүс бол монголын ардчилалын дайсан биш юм. Тэр хүмүүс ардчилсан нэртэй нам болгон ба ардчилагчид байдаггүй гэдгийг мэддэг хүмүүс бизээ.
Тэрээр цааш нь илтгэлийнхээ төгсгөл хэсгийг иргэддээ эрхийг нь өгье гэж нэрлээд “Ардчилсан хувьсгалын ачаар нийгмийн ачааг төр бүхэлд нь үүрэхээ больсон. Манай нийгмийн ихэнх ачаа чөлөөт, бүтээлч иргэдийн маань нуруун дээр очсон. Малчдыг хар, тариаланчдыг хар. Нийтийн хоолны газар, дэлгүүр хоршоогоо хар. Худалдаа наймааг аваад үз. Уран бүтээлчид, хэвлэлийнхнийг хар. Амьдралаа аваад явж байгаа айл гэрийг хар. Төр ачаагаа ард түмэндээ үүрүүлсэн атал эрхийг нь яагаад өгөхгүй байна. Ийм байдлаасаа Монголын эрх баригчид бид бүгд ичих ёстой. Ичихэд ч багадна. Шийдвэр гаргах эрхийг нь, шийдвэр гаргахад оролцох эрхийг нь иргэддээ өгье” гэжээ. Ард түмнээ харцгаая , ард түмний дийлэнх нь ядууралтай, таны хэлсэнчлэн амьдралаа аваад явж байгаа айл өрх хэр олон билээ , хөдөө орон нутаг эзгүйрч малчид ядуурч хот луу чиглэж нүүж, монгол орны онгон байгаль сүйдэж, монгол улс тэр чигээрээ эксковаторын шанаган дор сэндчүүлж байна. Орой үдэш болмогц хүн бүхэн гэр орондоо яаж мэнд харих бэ хэмээн түгшиж, монгол нутагтаа тайван амгалан сууж чадахгүй болжээ. Мөнгө төгрөг муу бол эрүүл мэндээ хамгаалах, сайн боловсрол эзэмших тухай бодоод ч хэрэггүй болжээ. Гар утастай, хувьдаа машинтай хүний тоо нэмэгдлээ гэцгээх юм, ардчилал байхгүй хятад гүрнээр дүүрэн машин , адгийн ядуу африкаар дүүрэн гар утас бий шүү. Ардчилал биш технологийн дэвшил шүү дээ.
“Ард түмэнд эрх өгье” гэж та илтгэлдээ онцолжээ. Сүүлийн 20 жилд ард түмэн таньд 2 удаа ерөнхий сайд, нэг удаа ерөнхйилөгч хийх эрх өглөө, танай нам хичнээн ч олон сонгуульд ялалт байгуулав. Ард түмэн эрхээ таньд өгөв. Харин Ардчилалын 20 жилд ард түмэн биш ардчилагчид өөрсдөө баяжиж , эрх мэдлийг авчээ. Энэ 20 жилд та бүхний таргалж баяжсан , ард түмний турж , ядуурсан бараг тэнцэх биздээ. Ядрууралд хүрсэн ард түмэн ардчилал гэдэг хоосон үгийг идэлтэй биш, сонгуулийн өмнө хэн хэдэн төгрөг өгнө , амлана тэрэнд нь хууртдаг болсон нь ядууралд өртсөний тод илрэл билээ. Элбэгдорж илтгэлээ монголчууд бүгдээрээ ардчилагчид болж хувирлаа хэмээн төгсгөжээ. Миний бодлоор хойморт суух ерөнхийлөгч жинхэнэ ардчилагч болтол, үүдэнд суух ядуучууд хүн шиг амьдардаг болтол зөндөө хол байна.
Энэ нийтлэлийг нэгэн ухаантны хэлсэн үгээр дуусгая. Ард түмнээ аврахыг хүсэж байна уу, тэгвэл ард түмнийг аврал хайх хэмжээнд хүргэсэн өнөөдрийн удирдлагаас нь эхэлж авраарай, гол буруутан нь тэд байдаг юм гэжээ.
О. Батбаяр

Баабар -изм аюултай юу?

Манай нэрт нийтлэлч Баабарын бичсэн нийтлэлүүд шинэ нийтлэлүүд өдөр тутмын сонингууд, интэрнэт дэх томоохон сайтууд дээр тогтмол хэвлэгдэн гарч дотоод гадаадад байгаа олон мянган монголчууд түүнийг уншиж байгаа билээ.
Түүний нийтлэлүүдийг уншиж шүтэн бишрэгчдийн фэн клубууд хүртэл байгуулагдсан нь Баабарын авьяасын царыг харуулна.
Баабаризм гэж нэрлэж болохуйц сэтгэлгээний өвөрмөц хэв загвар бий болж энэхүү сэтгэлгээгээр бичигдсэн нийтлэл, шүүмжлэлүүд нь олон залуусын ертөнцийг харах цонх, үзэл бодлын тулгуур, итгэл үнэмшил болон хувирч байгаа билээ.
Баабар авьяаслаг нийтлэлч, улс төрч жүжгийн зохиолч, бизнесмэн бас санхүүч байсан гэдэгтэй маргах гэсэнгүй. Өндөг хүртэл өөтэй байдаг болохоор түүний сүүлийн хэдэн сард бичсэн нийтлэүүдийг арай өөр өнцөгөөс шүүмжлэлтэйгээр харах гээд үзье.
Молотов хэмээх нийтлэлийг үзье, энэ нийтлэлийн гол санаа бол улстөрч Энхсайханы сонинд өгсөн ярилцлага нь Монголын эдийн засгийг тогтвогүйжүүлэхэд чиглэсэн өдөөн хатгасан, Молотов хэмээх гранат шидсэн мэт ярилцлага болжээ, ингэх хэрэгүй юм гэсэн санаа аж. Нээрээ ч тийм юм шиг, дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямралд орж монголын үүдийг тогшиж байхад ингэж болохгүй бөгөөд энэ хариуцлага үгүй мэдэгдэлээс болоод иргэд хадгаламжаа татаад эхлэвэл бид яах вэ. Тэгэхдээ энд бас нэг юм байна. 10 жилийн өмнө юу болсоныг эргээд саная. Баабар 1997 онд сангийн сайд болмогцоо банкны шинэчлэл хийнэ хэмээн хөөрцөглөөд Улсын банкийг хувийн банктай нийлүүлж үр дүнд нь баахан нөхдүүд банк идэж иргэдийн банкинд итгэх итгэл алдагдаж улмаар , Монгол улсын томоохон банкнуудад байсан иргэдийн хадгаламжийн 90 хувь нь банкнаас татагдаж Монгол улс хөл дээрээ сөхөрсөн бөгөөд ийм аюултай шийдвэр гаргаж байхдаа гарах сөрөг үр дүнг нь харж чадаагүй хүн бол Баабар өөрөө байсан бөгөөд энэ нь зүйрлүүлж хэлбэл Энхсайханы Молотов хэмээх гар хийцийн гранатын хажууд цөмийн бөмбөг дэлбэлсэнтэй дүйцэх явдал болсон билээ. Ийм хүн ингэж бичиж болох уу.
Энхсайхан ч бас ялгаагүй хашир суужээ. Дэлхийн өнцөг булан бүрт бизнес, эдийн засаг үзэж буй оюутнуудын цагаан толгой болсон The World Economy by Beth Yarbrough and Robert Yarbrough хэмээх ном байх. Энэ номын эхний хуудас дээр Монгол улс бүх гаалийн бүх татвараа чиглэсэн эхний орон болсон хэмээн бичсэн байх агаад харин Монгол улс ямар хор уршиг амссаныг нь бичээгүй үлдээсэн байдаг. Энэхүү тэнэг шийдвэрийг гаргаж түүхэнд үлдсэн Энхсайхан энэ удаа харин нь аюул ойртож буйг мэдэж хэнгэрэг татсан нь буруу гэж үү.
Үүнээс хэдхэн хоногийн дараа Монгол улсын засгийн газар бусад улсуудын жишгээр иргэдийн хадгаламжинд баталгаа гаргасан бол дараахан нь Анод банкны асуудал босож ирлээ. Чухамдаа Энхсайханы татсан хэнгэрэг болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр Монгол улсын засгийнгазар иргэдийн хадгаламжинд баталгаа гаргаагүй байсан бол юу болох байсан эсвэл Баабарын санал болгосноор асуудлыг нууж хаагаад дараад байсан бол юу болох байсныг тааж мэдэхийг уншигч таньд өөрт тань орхиё.
Удаж төдөлгүй Баабар Хямралын Монгол хувилбар хэмээх нийтлэл бичиж дэлхийн эдийн засгийн хямрал ба монголд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар үзэл бодлоо бичжээ.
Монголд үүссэн эдийн засгийн хямрал түүний үе шатыг монголын барилгын салбарт үүссэн нөхцөл байдалтай холбон тайлбарлаад өнөөгийн дэлхийн дахинд үүсээд байгаа эдийн засгийн хямралыг хөрөнгийн биржүүд лүү түлхээд тун удахгүй дэлхийн дайн дэгдэж магадыг сануулаад нийтлэлээ дуусгажээ.
Энэ нийтлэл нь эрээвэр хураавар мэдээлэлийн цуглуулга шинжтэй болсоноос бус Монголд үүсээд байгаа эдийн засгийн хямралын асуудалд анализ хийж , тэрнээс гарах арга замыг хайх гэж оролдсонгүй, бас төр засгаас авч байгаа арга хэмжээнд ч өөрийн дүгнэлтээ өгсөнгүй. Эдийн засгийн хувьд хөгжиж буй орнууд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн өсөлтийг тэр тусмаа үнийн хөөрөгдөлийг хязгаарлаж урьдчилан сэргийлэх бодлого явуулж байх нь эдийн засгийн аюулгүй байдлын нэг чухал хэсэг байдаг гэдэг. Чухамдаа сүүлийн 2 жилд монголчууд үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөд хууртаж, байсан хэдэн төгрөгөө бүгдийг нь тоосго болгож орхисон нь манай хямралын нэг том дотоод шалтгаан байсан болов уу. Энэ үед төр засгаас ирээдүйд үүсэх нөхцөл байдлыг олж харалгүй харалган байснаас зохицуулалт дутуу хийсэн бөгөөд хожуу ч гэсэн банкны зээлүүдийг хязгаарлаж галыг унтраах оролдлого хийсэн нь талархууштай. Гадаад хүчин зүйлийн хувьд Баабарын хэлсэнчлэн чухамдаа дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд л нураад хямрал үүсчихсэн бишээ. Хөрөнгийн биржүүдийн нуралтаас өмнө Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүсчихсэн үнийн хөөрөгдөл, түүн лүү их хэмжэээний зээл олгосон банкууд тэрхүү зээлийг худалдаж авсан хөрөнгө оруулагчид, хөрөнгийн хомсдлоос болоод Америкийн засгийн газраас гаргасан бондыг худалдаад авчихсан Хятад, Орос, Арабын засгийн газрууд гээд зөндөө гинжин холбоотой хүчин зүйлс байгаа билээ.
Баабар цааш нь ингэж хэлжээ. Эдийн засгийн хямралын дараалал угаасаа логик шинжтэй, угшираад л байвал гарцаагүй дайнаар төгсөх нигуртай. Нэгтгэвээс: бэрхшээл – уруудалт – санхүүгийн хямрал – хөрөнгийн зах зээлийн хямрал – эдийн засгийн хямрал – дайн. Баабар ах бас ингэж туйлширч болохгүй. Барууны нэгэн томоохон эдийн засагч саяхан ингэж бичжээ. Эдийн засгийн хямралыг тухайн засгийн газар нь зөв бодлого явуулж тогтворжуулж чадахаас гадна буруу бодлого явуулж рецессионыг депрессион цааш депрессионыг харанхуй ангал руу түлхэж болно. Харамсалтай нь ямархуу бодлого явуулах вэ гэдэг дээр улс бүр дээр нь эрх баригч ба сөрөг хүчин бүр ялгаатай бодолтой байгаа билээ. Англичууд банкуудаа худалдан авч тэнд их хэмжээний мөнгө байрлуулан зээл олголтыг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бол Германчууд тэднийг шүүмжлэн банкуудад мөнгө байршуулахыг эрс эсэргүүцэж байгаа билээ. Монголчууд ч гэсэн байгаа хэдэн төгрөгөө Баярцогтын яриад байгаачлан тарааж байрлуулах нь зөв эсэхэд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байх. Чухамдаа хямралын үүсээд байгаа нөхцөл байдал нь улс орон бүс нутаг бүрт өөр өөр байгаагаас авч байгаа арга хэмжээ ч өөр байх нь аргагүй. Баабар ахын үгээр бол бид зайлшгүй хямрал луу орчихсон бололтой бөгөөд зүйрлүүлж хэлбэл өвчтөн хүн ороод ирмэгц, хүн төрдөг бас цаг нь болохоор өвчлөөд үхэх нигууртай хэмээн арчаагүй суух маарамба мэт байх ёстой юу. Тэр өвчтөн чинь нас бага , туссан өвчин нь хөнгөн бас ирээдүйдээ итгэлтэй бол бас эдгэх нигуур байж болно. Тэр тусмаа эдийн засгийн хямралын эх үүсвэр нь итгэл гэдэг юм алга болсоноос үүсдэг бол бас хямралын төгсгөл нь итгэл эргэж ирсэнээр төгсдөг билээ. Тийм ч учраас дэлхийн шилдэг эдийн засагчдын нэг Vilfredo Pareto (1848-1923) ингэж хэлжээ: “All conscientious observers of crises have noted the role played by the imagination. It is one of the principal causes of crisis.” And, of course, of the ending of crisis, when the depressed imagination turns to hope.
Барууны орнуудад чухамдаа итгэл алдчихсан учраас засгийн газруудых нь аваад байгаа олон цогц арга хэмжээнүүд нь үр дүн өгөхгүй байгаа билээ. Түүнээс бүх иргэд, бүх бизнесийн байгууллагууд нь мөнгө үгүй болсон биш , ирээдүй тодорхойгүй болсон учраас мөнгөө үрэхгүй, бизнесийн салбарт бол хөрөнгө оруулалтууд зогссон байх жишээтэй. Монголчууд бидний хувьд төр засаг нь зөв бодлого явуулаад ард түмэн нь итгэлтэй байж чадвал хямралын ард гарч чадах буйзаа.
Цааш нь Баабар дахин нэг нийтлэл бичжээ. Нэр нь Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс эрүүлийг хүсвэл мөнгөө төл гэх. Товчхондоо мөнгөө төлөөд л үйлчлүүлээд явдаг болох тухай бичжээ. Эрүүл мэндийн даатгал гэдэг өөрөө маргаантай салбар монгол улс ганцаараа ийм асуудалтай ч биш. Даатгагчид залуу эрүүл хүмүүсийг даатгах сонирхолтой байдаг, хөгшчүүл хүүхдүүд эмзэг давхарга гадна нь үлддэг. Баабарын шүтдэг Америкт хүн амын талаас доош хувь нь даатгалтай бөгөөд бусад нь төлж дийлдэгүй бол Англид бол эрүүл мэндийн систем бүхэлдээ улсаас санхүүжүүлж , ажиллагчид нь татвар төлж хүүхэд хөгшчүүл үнэ төлбөргүй байдаг. Мөнгөнөөс гадна хамгийн чухал юм бол улс орны аюулгүй байдал ирээдүй гэж нэгэн зүйл байдаг. Жишээ татья. Финландын ерөнхийлөгч нэгэн их сургуулийн хүндэт доктор болоод лекц уншихыг сонсох завшаан тохиосон. Финланд улс хүн цөөтэй тархай бутархай суурьшилтай, цаг агаар эрс тэс улсаа. Бид оршин тогтнохын тулд эрүүл мэнд ба боловсролын салбараа үнэ төлбөргүй байлгаж хамгийн их анхаарал тавьдаг . Энэ бодлогыг сүүлийн зуун жилд баримтласанаар хойт туйлын ядуу буурай Финланд улс эрүүл иргэдтэй болж, манай өндөр боловсролтой иргэд дэлхийн хэмжээний бизнес хийж байнаа. Та бүхэн Нокиа компаниас өмнө бараг одоогоос зуун жилийн өмнө Финланд улс Англид Белл гэгч нөхөр телефон утас бүтээмэгц тархай бутархай иргэдээ холбоожуулахын тулд улс даяараа шугам тавьсан анхны улс болж бас эмч нараа холбоожуулсан анхны улс болсоныг мэдэх үү гэж ярьж байсан. Монгол улс хүн цөөн, тархай бутархай суурьшилтай, цаг агаар эрс тэс, өвчлөл өндөр, урьд хөрш нь ямар билээ, төр засгийн бодлого нь эрүүл мэнд ба боловсролын салбартаа дээр дурдсан Финланд шиг байхуу, аль эсвэл Баабар шиг мөнгө нэхээд зогсож байхуу ?. Мэдээж манай эрүүл мэндийн салбарт зөв менежемент дутагдаж байгаа. Гэхдээ яагаад Монгол улс хэзээ ч эрүүл мэнд боловсролын зоосны нүхээр харж болохгүй гэдгийг аугаа их Баабар мэдмээр юм.
Баабар Достоевскийн тухай нэгэнтээ бичихдээ түүний жүжгүүдийг үзэхэд Достоевский харагдахгүй мөртлөө жүжгийн зохиолдоо өөрөө орчихсон гүй ж явдаг сайн анзаарвал түүнийг олж харна хэмээн бичсэн байдаг. Баабар ах өөрийнхөө бичсэн нууц амраг, янаг дурлалын жүжгүүд дотроо өөрөө орчихсон ёс суртахуунгүйгээр шалдан нүцгэн гүйж явааг олж хараагүй санагдана. Харин түүний нийтлэлүүдийг уншихад нийтлэл дотроо үсчээд асуудалд хэт нэг талаас хандсан, үнэлэлт дүгнэлтээ дутуу дулимаг түүхий өгсөн талууд ажиглагдаж байгааг дээрх жишээнүүдээр нотлохыг оролдов. Монголын олон мянган залуусын ухаангүй шүтэж уншдаг Баабар ахын нийтлэлүүд түүхий байвал, зажилахгүй залгичихдаг тэр олон олон хүний гэдэс өвдвөл яана билээ.
О. Бат

Дэлхийн эдийн засгийн хямрал ба Орос, Хятад, Монгол гурав ( 01.2009)

Дэлхийн эдийн засгийн хямрал ба Орос, Хятад, Монгол гурав
Хар тахал мэт дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал, утаа униартсан Улаанбаатарын төв талбайдч, талын малчин өрхийн цасан цагаан гэрийн хойморт ч заларчихсан аж. Одоо хэн бүхнийг цааш нь юу болох бол хэмээх түгшүүр эзэмдэж байгаа байх.
Түүхийн гашуун хувь заяагаар хоёр хөрштэй болж түгжигдсэн Монголчууд бид тив, дэлхий алгасаж хямралын уршигийг хайхаас өмнө хөршүүдээр юу болоод байгааг харах гээд үзвэл ямар вэ?. Хөршүүд хэрхэн хямрах нь бидэнд бас хамаатай билээ. Бид л хөршүүд гэж даруухан нэрлээд байгаа болохоос дэлхий дахинд нэгийг нь хөвчийн хүрэн баавгай буюу Орос, нөгөөг нь галт луу буюу Хятад гэж нэрлэдэг билээ.
Луу галандаа түлэгдэхүү ?
Америкаас эхэлсэн эдийн засгийн хямрал нь Хятад, Орос, Бразил, Энэтхэг гэх хөгжиж буй томоохон орнуудын эдийн засагт бараг нөлөө үзүүлэхгүй гэсэн таамаглалыг дэлхийн томоохон эдийн засагчид, санхүүгийн байгууллагууд өнгөрсөн оны дунд үеийг хүртэл дэвшүүлж, түүнд хүн бүхэн итгэж байлаа. Тэгж ч харагдаж байснаас гадна, энэхүү таамаглал нь дээрх орнуудын удирдлагуудыг тайвшруулж байсан аж. Гэвч ийм явдал болсонгүй. Олон тэрбум доллараар олимпийн шоу хийж хүч чадлаа гайхуулсан Хятадууд олимпийн хаалтын маргаашнаас л байдал биш болсоныг анзаарсан хэмээн нэгэн эдийн засагч шоолон бичсэн байсан. Шинэ оны хоёрдугаар долоо хоногт Хятадын засгийн газар экспорт нь 2.8 хувиар унасан, импорт нь 21 хувиар унасан ажилгүйдэл 4 хувьтай хэмээн албан ёсоор зарлав. Бодит байдал дээр сүүлийн 4 сард Хятадад 10 сая хүн ажилгүй болсон хэмээн барууны хэвлэлүүд бичлээ. Өнгөрсөн онд 11 хувьтай байсан Хятадын эдийн засгийн өсөлт 9 хувьтай болж буусан бөгөөд шинэ оны төгсгөлд 6 хувьтай байх болов уу гэж таамагласан байна. Хятадын засгийн газар эдийн засгаа аврахын тулд 4 триллион юань гаргаж зарцуулсан нь үр дүнгээ өгөхгүй байна. Энгийн жишээ бол бидний сайн мэдэх Lenova-IBM компьютерийн компани билээ. Дэлхийн зах зээл дээр борлуулалт муудсан ч хятадын зах зээл дээр найдвар тавьж байсан нь бүтэлгүйтэж дампууралд өртөж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарлалаа. Жилд 20 хувийн өсөлттэй байсан Хятадын машины зах зээл дээр үйлдвэрлэл явуулдаг Германы компаниуд үнээ 15 хувиар хямдруулаад ч машин борлогдохгүй байгаа бөгөөд тэд биднээс илүү их хямдрал хүлээж байна гэжээ. Хятадууд дотооддоо үйлдвэрлэл үйлчилгээ худалдаж авахгүй байгаагын нэг шалтгаан нь бас хятад хүний хадгалах хямгадах, үрэлгэн биш сэтгэхүйтэй холбоотой гэнэ. Их хэмжээний буюу 2 триллион долларын гадаад валютын нөөцтэй ч, нийт баялагын 70 хувийг хүн амын 0.4 хувь нь эзэмшдэг, 300 сая хүн өдрийн нэг доллараас доош орлоготой, улс төрийн нэг хатуу ширүүн дарангуйлалд байдаг зэрэг нь Хятадын дотоод байдлыг тогтворгүй болгож эхэллээ. Зүйрлүүлж хэлбэл эдийн засгийн асар өндөр өсөлттэй байсан Хятад улс ийм байдалд орох нь өндөр хурдтай явж байсан галт тэрэг огцом тоормос гишгэж улмаар замаасаа гарч дотор нь сууж явсан олон зорчигчдыг хүнд хөнгөн гэмтээсэнтэй адил юм. Хөдөөнөөс хот луу орж ирж ажил хийдэг ядуу тариачин гаралтай явуулын ажилчдын дунд ажилгүйдэл өндөрсөж байгаа бөгөөд Хятадын уламжлалт цагаан сарын дараа ажилгүйдэл улам өсөх хандлагатай байгаа гэнэ. Зуны саруудад сургууль төгсөн хөдөлмөрийн зах зээлд ажил хайж орж ирэх 10 сая сургууль төгсөгчид байдлыг улам дордуулах аж.
Олимпоос болж нүүлгэн шилжүүлэгдсэн иргэд, шударга бус төрийн албан хаагчдын золиос болсон хүмүүс, ажилгүйдэлд өртөгсөдийн гаргасан бослого хөдөлгөөн Хятадын засгийн газрын тоолсоноор өнгөрсөн онд 80000 гарсан бол үнэн хэрэгтээ үүнээс хэд дахин илүү гэнэ. Хятадын түүхэндэх бүх эзэнт гүрэн ядуу тариачдын гаргасан бослогоор мөхөж байсан бөгөөд Монголын Юань гүрэнд ийм эмгэнэлт хувь заяа л тохиосон билээ. БНХАУ хэмээх энэхүү эзэнт гүрэнг ч ийм байдал тойрохгүй бололтой. Хятадын бүрэлдхүүнд байх Төвд, Шинжаан болон Өвөрмонголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн идэвхжих нь ойлгомжтой. Галаар тургилах хүчирхэг луу Хятадын дотоодын улс төр, эдийн засгийн байдал ноцтой хүнд болж бослого хөдөлгөөн өрнөж улмаар иргэний дайнд хүрч Хятад гүрэн бүхэлдээ шатаж эхлэж мэдэхээр байна шүү.
Хүрэн баавгайн савар
Сүүлийн 10 жилд газрын тосны галзуурсан үнэн дээр босож ирсэн Орос гүрэн ийм юм болно гэж зүүдлээ ч үгүй биз. Бээжинд олимп эхлэж олон түмний анхаарал тийш хандсан үеэр Гүрж хэмээх зөрүүд улсад хүчит баавгайн нударга амсуулсан нь чухамдаа өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг болсон аж. Маргаашнаас нь Оросын хөрөнгийн зах зээл хямарч томоохон компаниудын хувьцаа унаж эхэлжээ. Биржийн худалдааг хүчээр зогсоогоод ч нэмэр болсонгүй. Оросод үүссэн улс төрийн тогтворгүй байдлаас айсан барууны хөрөнгө оруулагчид ямар ч хамаагүй үнээр хувьцаагаа зараад гарахыг хүсжээ. Жишээ нь 8 сард 20 тэрбумаар үнэлэгдэж байсан ГАзПРОМ өнөөдөр 2 тэрбум хүрэхгүй зах зээлийн үнэлгээтэй болжээ. Шинэ он гарсаны дараагаар Оросын засгийн газар тус улсаас 2008 онд 170 тэрбум доллар гарч явсан гэсэн тоог зарлалаа. Нэг доллартай 23 рубль тэнцэж байсан бол өнөөдөр 33 болсон нь рубль бараг ханшныхаа 50 хувийг алджээ гэсэн үг. 500 тэрбум доллараар үнэлэгдсэн оросын гадаад валютын нөөц 350 тэрбум доллар луу орж багассан бөгөөд, Сангийн сайд нь 2009 оныг дэлхийн 2 дайнаас хойшхи хамгийн хүнд он болно гэж зарлалаа.
Оросын ажилгүйдэл хөл толгойгоо алджээ. Бидний сайн мэдэх Камаз, УАз гэх мэт үйлдвэрүүд бүгд зогссон буюу долоо хоногт цөөн хоногоор ажиллах болсон байна. Рублийн ханшны уналт ба ажилгүйдэл нь Орос дахь гэмт хэргийн өсөлт, үндэстэн хоорондын мөргөлдөөнд тусгалаа олох болов. Москва, Санкт Петрбург гэх мэт хотуудад ажил хийдэг хуучин ЗХУ бүрэлдхүүнд байдаг гадаадууд болох тажик, киргиз, узбекууд халдлагад өртөх нь ихсэв. Улмаар энэ нь оросын бүрэлдхүүнд байх Славян ба бусад үндэстнүүдийн хооронд томоохон ангал үүсгэх болов. Жишээ нь өнгөрсөн онд Москва хотод Тувагийн аварга шатарчин алагдсан бол Буриадын хэд хэдэн оюутан охид бас алагдсан байна. Тэдний буруу бол царай зүс нь славян биш монголжуу байсанд оршиж байгаа аж. Буриад, Тувад үүнтэй холбоотойгоор олон түмэн ихэд бухимдсан байна. Чухамдаа фашизмын гарт хамгийн их өртсөн Оросууд өөрсдөө шинэ фашизм буюу Орос славян төвт фашист улс болон хувирч байгаа нь оросын нэг эмгэнэл төдийгүй эцэстээ Оросыг мөхөөнө хэмээн зарим судлаачид айлдсан байна.
Чекист Путин эдийн засагаа дан ганц газрын тосноос хараат бус болгох, газрын тосноос орж ирсэн хөрөнгийг дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх гэх мэт анхан шатны эдийн засгийн арга хэмжээг авалгүйгээр улс төр хийж эрүүл мэнд, боловсрол, цэрэг зэвсэглэл рүү цацсан нь эргээд байдлыг хүндрүүлж байгаа бололтой.
Оросууд хямралаас гарах арга зам хайж ихээхэн хэмжээний хөрөнгө зарж байгаа боловч гадаад дотоод хүчин зүйлүүд нь эерэг үр дүн өгөхөд саад болж байна. Оросын эрүүл биш банк санхүүгийн ертөнц, авилгад автсан төрийн албан хаагчид хямралыг даван туулахад томоохон саад болож байгаа аж. Захиалгат аллага, улайм цайм луйвар Орос Орныг нөмөрчээ. Энэ сарын 19 нд Кремлээс хэдхэн зуун метрийн зайд , Чеченд Орос цэргийн аллагад өртсөн гэр бүлийн өмгөөлөгч, Орос залууг цуг явсан сэтгүүлч охины хамт буудаж хороосон бол үүнээс 2 сарын өмнө Москва дахь Монголын Элчингээс холгүй машин дотроо Чеченийн нэгэн томоохон улс төрч буудуулсан гэх мэт жишээнүүд нь үүний илрэл юм.
50 сая хүнтэй угсаа гарал нэгтэй Украйнтай хийж буй шатдаг хийний дайнд Оросын хэрэглэж буй муйхар арга нь ч Орос гүрний үнэн дүр төрхийг илэрхийлж байна.
Ийнхүү ичээнээсээ эрт сэрсэн мэт ууртай, дээрэлхүү Оросын хүрэн баавгай өлсгөлөн нэмээд өвчинд баригдаж эхэлсэн нь бидэнд хэр халтай бол.
Үхэр мэт Монголчууд
Бид үхэр мэт араншинтай гэдгээ хүлээн зөвшөөрөх нь шударга болно. Сүх далайтал үхэр амар байдаг гэдгийн адил хямрал хястал бид амар л байсан.
Гадаадын хөрөнгө оруулалт багасаад, газрын баялагын маань үнэ унаад, харьд ажилладаг хэд маань ажилгүй болоод ирэхийн алдад хямрал бидэнд мэдэгдлээ. Муу дээр муухай муухай дээр улцан гэгчээр энэ үед банкууд маань бас үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү баахан зээл тавиад туучихсан бололтой юм. Үл хөдөлдөг хөрөнгийн зах зээл унахдаа унасан шиг унадаг гэдгийг бидний хэн маань ч номон дээрээс л уншиж байснаас, Монгол банкны экс захирлын хэлсэнчлэн яс махаараа мэдрээгүй билээ. Монголын банкнууд, барилгын бизнес эрхлэгчид, ченжүүд, жирийн иргэд бүгд үл хөдлөх хөрөнгийн зах зээл улам өснө гэсэн итгэлтэйгээр тооцож наймаа хийсэн нь алдаа болов бололтой. Улсын төсөв нь 1.2 тэрбум доллараар хэмжигддэг улсад үл хөдлөх хөрөнгө тэгтлээ өсөхгүй шүү дээ гэж монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр овоо мөнгө хийчихээд гараад явчихсан гадны нэгэн дилер инээж байсан шүү.
Монголчууд бид бүх мөнгөө тоосго болгож орхиод одоо бэлэн мөнгө үгүй болсон дог шүү. Ийм алдаа гэхдээ дэлхийн аль ч улсад байнга гардаг, бид алдаан дээрээсээ сурах бизээ.
Хямралыг хэрхэн даван туулах вэ?, байдал улам дордох магадлалтай харагдаж байгаа. Монголын эдийн засгийг хямралаас аврахаар Баяр ерөнхий сайдын танхим ажиллаж байгаа. Биднийг хэн аврах багийн бүрэлдхүүнийг харья.
Ерөнхий сайд Баяр, сангийн сайд Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч Пүрэвдорж гэх мэт багийн гол гишүүд бүгдээрээ эдийн засгийн мэргэжлийн бус төдийгүй, ажлын туршлага мэдлэг бага хүмүүс харагдах юм.
Дээрх багийн эзэмшсэн боловсрол, ажилласан уршлага, эх оронч үзэл зэрэг аль ч шалгуураар нь болон одоог хүртэл авсан арга хэмжээнүүдийн цараа, үр дүн зэргээс харахад энэ баг биднийг аврах биш бид эднийг аврах хэрэгтэй мэт харагдана. Үүнээс ажлаа эхлэх хэрэгтэй байхаа.
Барууны бизнес сургуульд байнга давтдаг нэг гоё үг байдаг, ‘Think globally, work locally ‘ гэж, орчуулбал дэлхийн хэмжээнд сэтгэж, орон нутгийнхаа хэмжээнд ажиллах гэсэн утгатай. Хямралын цар хүрээг дэлхийн болон бүс нутаг, хөрш орнуудын хэмжээнд харан дүгнэлт хийгээд, Монголын онцлогт тохирсон , гадаад дотоод хүчин зүйлийг сайтар тооцсон бодлого боловсруулан ажиллах хэрэгтэй болсон биш үү. Мөн улс төрийн хий хоосон амлалт, хоосон тушаал шийдвэрүүдийн хажуугаар өөр аргуудыг бас хэрэглэж болмоор харагдана. Нэн ялангуяа эв нэгдэл дутагдаж байна. Гадаад дотоодод амьдарч байгаа иргэддээ уриалга гаргаж, хямралыг даван туулахын тулд хамтарч ажиллах, тэднийхээ хүчийг ашиглах гэх мэт Өмнөд солонгосчуудын 1997 оны хямралыг даван туулсан аргыг ч хэрэглэж болмоор. Хүн бүхэн чадах чинээгээрээ эх орон луугаа доллар явуулж, дотоодод буй иргэд,компаниуд нь гадаадаас доллараар худалдаж авч байгаа бараа, үйлчилгээ сайн дураараа хязгаарлаж оломгүй далай мэт олны хүчээр хямралаа давмаар байгаа.
Эс бөгөөс монголчууд бид сүх далайтал амар үхэр мэт тайван суусаар байгаад Оросын өлсгөлөн Баавгай, Хятадын түлэгдсэн Луу хоёрын идшэнд явчихвал араас нь хичнээн мөөрөөд ч хожигдсон л байх болно.
О.Бат

Friday, 1 February 2008

Манжийн Хааны манай хүү ба Баабар ах

Манжийн Хааны манай хүү ба Баабар ах

Сайн байна уу Баабар ахаа, Таньд шинэ оны мэнд хүргэж ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Шинэ оны өмнө та тун сонирхолтой нийтлэл бичсэнийг Оллоо хэмээх вэб сайтнаас олж уншлаа. Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж Олноо өргөгдсөн Монгол улсаа тунхагласан 1911 оны 12 сарын 29 түүхэн тэмдэглэлт өдрийг энэ оноос албан ёсоор тэмдэглэх болсонтой холбогдуулан та нийтлэл бичжээ.
Манж бол монголын холбоотон байсан учраас чухамдаа Хятадад хөрөнгөтний хувьсгал гарч Манж гүрэн нэгэнт байхгүй болсон тул манай монголчууд холбоотныхоо өмнө хүлээсэн үүрэг нь дуусгавар болсон тул тусгаар тогтнолоо зарлах нь энгийн бөгөөд бас ойлгомжтой логиктой зүйл хэмээн та бас Тайваньд уншсан лекцэн дээрээ хэлсэнийг уншсан. Монголыг хятадын салшгүй хэсэг хэмээн үздэг Тайванчууд, монголын томоохон түүхч таныг урьж үг алдуулахаар лекц уншуулсанд та логик ярьж өгчээ.
Логик ойлгодогүй Хятадууд харин бидний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бүр 1919 онд өөрснөөр маань автономит эрхээ устгах бичигийг өргүүлэн устгаж байдаг малнууд шүү.
Баабар ах та хэлжээ манай монголын хөлдүү марксист түүхчид улсын түүхийн номон дээрээ хятадуудыг гадаадын колончлогчид гэж буруу бичсэнээс хятадууд монголыг өөрийн нутаг хэмээн үздэг гэж. Тэр үнэн байхаа тэгэхдээ манай марксист түүхчдээс бүр өмнө жишээ нь 800 жилийн өмнө гадныхан биднийг өөрийн нэг хэсэг хэмээн үзээд байсан байгаа юм. Жишээ нь Зүрчидүүд манай Чингис хаанд Татарыг цуг дайлсаны дараа хязгаарыг захирагч цол олгосон байгаа юм. Бас Мин улс ч Монголыг ингэж үзэж байсан баримт байдаг. Эднийг таниараа бас нэг шүүмжлүүлэх хүсэлтэй байгаа. Тэд харин Маркист байсан эсэхийг бүү мэдээ. Манж монголын холбооон байсан гэж та зөв бичжээ, эхэндээ Монголоос бэр авч хүргэн болдог байсан манжууд сүүлдээ хүчирхэгжээд ирэхээрээ монголчуудыг Эфү буюу хүргэнээ болгодог болж, эхэндээ Их Юань гүрнийг сэргээнэ хэмээн монголчуудыг хошгируулж бас хашгируулсан Манжууд Монголын цэрэг ба эдийн засгийн хүчийг сүрхий ашиглаад сүүлдээ биднийгээ шаварт үсэргэсэн л хулхи холбоотон шүү дээ. Манжийг магтахад хязгаар хэрэгтэй байхаа, таныг ‘Манжийн хүү байхад маниар яах вэ ‘ гэж боддогүй байх гэж тааж байна.
Манжтай байлдаж сүрхий эсэргүүцсэн Ойрадууд таны логикоор холбоотныхоо эсрэг байлдсан өөдгүй хогнууд болж таарах нь. Ойрадуудыг хүйс тэмтэрсэн Манжуудын талаар иймэрхүү үзэл бодлоо харин баруун аймгуудад очихдоо болгоомжтой яриарай.
Та Манжууд монголоос ямар ч татвар авдаггүй байсан гэжээ, харин таны нөгөө шүүмжлээд байдаг Марксист түүхчид болох Болдбаатар, Далай гэх мэт хятад ба манж хэлтэй нөхдүүдийн сүүлчийн том бүтээл болох монголын түүхийн таван ботьдоо Шинэлэхийн жасаа, Түнлий номын жасаа, Сэтэртэй буюу төмөр сүргийн алба, харуулын алба, өртөөний алба, орон нутаг дахь Манжийн албаны захиргааны зардлын алба гээд л бөөн татварын талаар бичээд зогсохгүй таны төрсөн нутгийн алдарт То Ван Манжийн шударга бус албыг эсэргүүцээд дөнгөнд сууж цөлөгдөж байсан гэж бичжээ. Нэг бол та нэг бол тэд сүрхий ташаарчээ.
Манжийн эхний хүчирхэг хаан Нурхайч Хорчины ноён Мянганы охинтой суусан бол тэдний дундаас гарсан Гүен баатар бэйл, залгамжлагч Абахай нар ч Хорчин Монгол хатан авсан билээ. Монголоос сүүлд хөөгдсөн Сандо амбан ч монгол гэж та бичжээ. Манжийн хааны дээрх монгол цустай хүүхдүүд Манжид зүтгэсэн бусад монголчууд бидэнд гай болсон уу гэхээс гавьяа хийгээгүйг түүх нотолно шүү дээ. Манжийн эсрэг тэмцсэн Амарсанаа, Чингүнжав, Галдан Бошигтын сүнсийг тэгж гомдоогоод яах вэ?. Чухамдаа Хорчин Монголчууд л Хорчин Монгол эхтэй Манж эцэгтэй хөвгүүдтэй нийлж Монголын сүүлчийн Хаан Цахарын Лигдэнг мөхөөсөн билээ. Хэдэн жилийн өмнө Лондонгийн нэгэн музейд Манжийн хүргэн Цэрэн, Ойрдыг дарахад гавьяа байгуулсан, үхэхэд нь Манжын Хаадын шарилын сүмд оршуулсан цор ганц гадны хүн хэмээн нэгэн урвагчийн зураг харсан. Баабар ахаа монгол цустай байна гэдэг Монгол эх орондоо хайртай бас Монголын төлөө зүтгэж байсан гэсэн үг биш шүү дээ. Тийм учраас та болгоомжтой бичиж байгаарай.
Орчин үеийн жишээ гэвэл Сангийн сайд байхдаа улсын банкийг хувийн банктай нэгтгэж улмаар улс орныхоо эдийн засгийн хөгжлийг даруй хэдэн жилээр хойш татсан гол буруутанаар тодорсон та биш байхаа таньтай адил овог нэртэй нэг хүн байдаг бөгөөд энийг мулгуу би байтугай эдийн засаг, инфляц гадарладаг хүн болгон мэднэ шүү дээ. Хөөрхий талийгаач Жасрай гуай лав олон удаа, хөл дээр нь арайхийж босгосон эдийн засгийг нь хөмөрчихсөн тэр хүнийг шүүмжилж байхыг уншиж харж байсан, энэ буруутан хүн Архангайд төрсөн монгол цустай хүн л байсан даа.
Та 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ба 1990 оны ардчилсан хувьсгал хоёрыг эн зэрэгцэх аугаа явдал гэж дээрх нийтлэлдээ цухалзуулжээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол зүтгэлтнүүд болох Цэргийн яамны сайд Гомбосүрэн, Гадаад яавдлын сайд Ханддорж, Сангийн сайд Чагдаржав, Дотоод явдлын сайд Цэрэнчимэд нар бүгдээрээ нэг жил хүрэхгүй хугацаанд учир битүүлгээр амиа алдсан нь ямар их үнээр бидний эрх чөлөө олдож эдгээр хүмүүсийн өрнүүлсэн тэмцэл үргэлжилсээр 1921 оны хувьсгал гарч 1924 онд үндсэн хуулиа баталж, 1945 онд санал асуулга явагдаж, хатуу хэцүүг туулсаар бид НҮБ гишүүн болж 1961 онд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн улс болсон билээ. Бидний эцэг дээдэс ухаан зарж Гаминг Цагаан оросоор, Цагаан оросыг Улаан оросоор хөөлгөж эрх чөлөөгөө олж авсан биш үү. Таны муулдаг Чойбалсан чинь Өвөрмонголоо 1945 онд чөлөөлж хоёр монголоо нэгтгэх гэж зүтгээд Оростой муудаж амиа алдсан түүх ч байдаг.
Эрх чөлөөтэй улс орныг дампууруулаад байгаа та нарын гай нүгэл , алтан амиа төлөн байж бидэнд эрх чөлөө олж ирсэн баатарлаг өвгөдийн гавьяатай харьцуулах зүйл биш шүү. Тийм учраас Сүхбаатарын талбай дээр хэд хоног өлссөн та нарын 1990 оны ардчилсан хувьсгал аль ч утгаараа аймаар том юм биш . Дээрх 1911 ба 1990 оны хоорондахь түүхээ гээх аль эсвэл хараар будах нь том нүгэл шүү.
Польшид биохимич мэргэжлээр төгссөн өндөр боловсролтой ахыгаа ихэд хүндлэхийн ялдамд , тэдний усан онгоцны үйлдвэрийн слесарь Лех Валенса хувьсгал хийж, энэхүү слесарийн үзэл бодол таньд ертөнцийг өөрөөр харахад нөлөөлсөн гэж боддог. Харамсалтай нь энэхүү Лех Валенса сүүлд хэмжээгээ мэдээд улс төрөөс тэтгэвэрт гарсан гэдэг. Өнөөх польшууд хувьсгалаа хйичихсэн ч эдийн засаг нь саяхан болтол сайнгүй байсаар 2005 онд европын холбоонд элссэж, европын колони болсоноор , удирдагч нь слесарь байснаас тэгсэн юмуу бүгдээрээ энд Лондонд ирж эрчүүд нь слесарь ба барилгын ажил, эм нь ногоо зулгааж байгаа бөгөөд нутагтаа бараг хүн үлдээгүй гэдэг шүү. Тэдний буянаар Лондонгийн Монголчуудад харин ажил олдохоо больсон нь лав үнэн юмдаг. Тэгэхээр Польшууд чинь Баабар ахаа тийм ухаантай хүмүүс биш дэг шүү.
Шинэ он дөнгөж гармагц монголын дээдэс хөрөнгө мөнгөний төлөө эх орныхоо газар шороог лиценз болгон худалдахаас гадна, иргэдээ хор уулгаж мөнгө олдог бузар жигшүүрийн зах зухаас цухуйж ( http://www.sonin.mn/?p=17269)
үүнээс хойш 3 долоо хоноод байхад ард түмний маань Хөхөө шувуу болон дуугардаг та минь хошуугаа хөлдөөхөөс айсан юм уу таг чиг. Лондонгийн Империал коллеж хэмээх эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулдаг сургуульийн диплом олгодоггүй богино хэмжээний курсэд таныг биохимийн чиглэлээр хэд хоног сууж байсан гэж сонссон, бас мэргэжлийн хор судлаач хорчин- биохимич хүн болохоор ийм эмгэнэлт явдал болж байхад архины эсрэг бичиж ард түмэндээ ухаарал хайрлаж суухын оронд 47 дугаар уртраг энэ тэр гээд зөгнөлт зохиол бичээд сууна гэж таныг бодоогүй шүү.
Лондонгийн энэ сургууль ч гэж сургууль монголын томоохон улс төрч суралцаж байгааг мэдээгүй англичууд нөхөж хүндэт доктор ядаж мастер бүр ядаж энгийн диплом олгочихгүй.
Шинэ он гараад бас Буриадын нэгэн автономит муж Уст Орд газрын хөрснөөс арчигдаж (ttp://tsahimurtuu.mn/main/20060406492.htm) сүүлийн 2 жил эх оронч түүхээ хүндэлдэг хүн бүр энэхүү доромжлолыг эсэргүүцэж бухимдаж байхад та минь бас л таг чиг Зүүн Хойд Ази, Хоёр Солонгосыг нэгтгэх асуудлаар завгүй давхиад байх юм.
Монгол дахь байгаль орчны бохирдол, гадныхны даварсан байдал, хотын утаа, гэмт хэрэг, авилгал, улс төрийн бохир заваан хуйвалдаан гээд тулгамдсан бичих
ёстой, тэр тусмаа дотор нь байж муу сайныг нь бүхнээс илүү мэддэг тань шиг хүн гаргаж тавих ёстой асуудал зөндөө байхад та яагаад бичдэггүй юм бэ?
Баабар ахаа цаг үеээ мэдэрч цаг үеэсээ түрүүлж сэтгэж бичээч. Зөвхөн МАХН ба тэдний удирдагчийн доодохыг шагайж бичнэ гэвэл та өөрөө жижигрээд байнаа, жижиг сэдэв чинь таныг бариад байна, бас үнэн түүхийг засах гэвэл түүхийрүүлээд өөрөө бүдэрч унахаар байнаа, тийм учраас Баабар ахаа энэ сайхан толгойгоо элэг нэгт монголчуудаа ардчилсан ба коммунист гэж хувааж, эх түүхээ марксист ба ардчилсан, иргэдээ хөгшин ба залуу гэж хуваан хагаралдуулж хутган үймлэх биш харин тэднийгээ нэгтгэн, хөгжин дэвшихэд нь хэрэгтэй зүйлийг бичэхэд зориулаарай гэж шинэ ондоо хүсье.
Хүндэтгэсэн
О.Батбаяр Лондон

Monday, 3 December 2007

Рио Тинтог Хятадууд эзэмших үү?

Рио Тинтог Хятадууд эзэмших үү?

Сүүлийн үед дэлхийн хамгийн том уул уурхайн 2 компани ВНР болон Рио Тинто, Хятадын Улсын мэдлийн томоохон хөрөнгө оруулагч корпораци China Investment Corp (CIC) тойрсон үйл явдал онцгой анхаарал татах боллоо.
Энэхүү болж байгаа үйл явдал монгол улсад ч бас тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр аж.
Үйл явдал бидний сайн мэдэх Рио Тинто компанийн хувьцааг өрсөлдөгч болох ВНР компани нь 103 биллион доллар буюу 50 биллион паундаар худалдан авах саналыг 2007 оны 11 сарын 12 нд тавьсанд байгаа юм. Энэхүү санал бол Британийн Vodafone компани 203 биллион доллараар Mannesmann компанийг худалдан авсаны дараа орох рекорд үнэ аж.
Энэ 2 компани дэлхийн гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн 36 хувийг болон зэс хөнгөн цагаан бусад эрдэс баялагийн өндөр хувийг эзэмшдэг бөгөөд хоорондоо нэгдсэн тохиолдолд нийтдээ 350 биллион доллараар үнэлэгдсэн компани (түүний дараа орох компани дээрх хоёроос 3 дахин жижиг байх болно ) шинээр төрөн гарч Хятад , Энэтхэг,Орос гэх мэт шинээр өндөр хурдацтай хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн
өсөлтийн амин чухал хэрэглэгдэхүүн болох дээрх эрдэс баялагийн үнийг бүхэлд нь хянах боломж гарч ирж байгаа болно. Харин Рио Тинто компани дээрх саналыг хүлээж аваагүй бөгөөд компанийн үнийг хямд үнэлсэн хэмээн хувьцаа эзэмшигчид нь үзсэн аж.
Ингэмэгц гангийн үйлдвэрийн түүхий эдийнхээ 70 хувийг ВНР копаниас авдаг Хятад улс эхний алхам болгож 500 сая доллараар Рио Тинто компанийн 1% худалдан авсан байна.
Цаг хугацааны хувьд Рио Тинто компани Канадын хөнгөн цагааны томоохон үйлдвэрлэгч компани Алканийг 40 биллион доллараар худалдан авах наймааг
дууссаны маргааш өдөр худалдан авах саналаа ВНР тавьсан нь учиртай аж.
Хятадууд ч барьж авсан барьцаа ахиулан Рио Тинтог бүхэлд нь худалдаж авахаар авахаар 200 биллион долларийг Хятадын Улсын мэдлийн томоохон хөрөнгө оруулагч корпорацид шилжүүлсэн мэдээ дэлхийн хэвлэлүүдийг шуугиулж эхэлсэн бөгөөд Хятадууд албан ёсоор няцааж байгаа аж.
Харин өчигдөр буюу 29 нд ВНР компани худалдан авах саналаа 120 биллион доллар болгож өсгөсөн саналийг тавьсан бөгөөд Рио Тинто компани хариу өгөөгүй байгаа аж.
Рио Тинто компанийн ийнхүү үнэ хүрч байгаа олон том шалтгаануудад дээр дурдсан Канадын Алкан компани мөн Конго Австрали дахь бизнесүүд нь орох аж. Мөн Монголд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нь бас жоохон нэмэр болж байгаа бололтой. ВНР компани нь Рио Тинтог эзэмшсэнээр зардал нэлээн бууруулж өндөр үнээр бүтээгдэхүүнээ зарах боломж нээгдэж байгаа гэж үзэж байх шиг байна. Хятадууд өсөж байгаа түүхий дийн үнийг хязгаарлах цорын ганц боломж бол үнийг тодорхойлогч компаниуудыг хяналтдаа авах гэж үзэж буй бололтой.
Германууд дээрх 2 компани нэгдэх ёсгүй бөгөөд монополийн эсрэг хуулийг зөрчиж байна хэмээн шүүхэд өгөхөөр зэхээд байгаа аж. Солонгосчууд ч бас
ээргүүцээд байгаа аж. Харин Оросын уул уурхайн томчууд болох Базовый Елемент, Полиметаллыхан монголчуудыг рекетлэхээр ирэх долоо хоногт Улаанбаатарт буух аж.
Монголчуудын хувьд Рио Тинто компанийг хятадууд авчихвал Оюутолгойг Хятадууд эзэмшинэ гэсэн үг бөгөөд энэ тохиолдолд Оюунтолгойн гэрээг Рио Тинтотой хийхгүй байх нь ашигтай . Учир нь Хятадууд маш хямд үнээр зэсийг нь худалдаж авах болно. Харин Рио Тинтог ВНР авсан тохиолдолд Оюутолгойн гэрээг Рио Тинтотой хийх нь ашигтай бөгөөд зэсээ өндөр үнээр зарах боломжтой болж байгаа юм.
Ер нь бид Рио Тинтотой гэрээ хийхдээ энэхүү компанийг алсдаа хэн эзэмших нь вэ гэдгийг нь тооцож хийх нь зөв бололтой. Ойрын үед хэний эзэмшилд очих нь тодорхой болоогүй компанитай лав тогтвортой байдлын гэрээ хийж болохгүй нь ойлгомжтой.
Төгсгөлд нь хэлэхэд зэсийг өндөр үнээр зарах сонирхолтой бол өндөр үнээр зарж чаддаг компанитай хамтран ажиллах нь зөв бөгөөд харин зэсийг хямд үнээр авах сонирхолтой Хятад гэх мэт улсуудтай хамтарч ажиллах нь ашиггүй нь илт байна.


О. Батбаяр (Лондон )

Tuesday, 16 October 2007

Голфийг монголчууд европт авчирсан уу

Мэдээ
Их Британийн нэгэн томоохон сонины саяхны дугаарт Монголчууд голъфийг үндэслэсэн гэж үү, хэмээсэн нэгэн нийтлэл гарчээ. Хятадын дэлхийд нэртэй Палас музей болон Хятадын Гольфийн холбоо хамтран 2 жил гаран судалгаа хийсний эцэст дээрх мэдэгдлийг хийжээ. Тэд 13 зууны үеийн нэгэн Монгол хаан гольфтей төстэй БӨМБӨГ ЦОХИХ хэмээх тоглоомыг тоглож байгаа зургийг үүнийхээ нотолгоо болгон тавьжээ. Зураг дээр монгол дээл гуталтай нэгэн хаан гольфийн цохиураар цохиж байх бөгөөд эргэн тойронд нь зарц нар нь бололтой хүмүүс харан зогсох аж. Хятадууд дээрх БӨМБӨГ ЦОХИХ хэмээх тоглоомын 1282 онд зохиогдсон дүрмийг бас олж танилцуулсан байна. Шотландад 1400 оны орчимд үүссэн хэмээн үздэг гольфийг ийнхүү монголчууд тэднээс өмнө тоглож байсан бөгөөд хэрхэн европт ирж дэлгэрсэн бол гэсэн асуултад дээрх судлаачид монголчууд европд хятадын дарь, хэвлэлийн технологийг авчирсаны адил замаар ирсэн байхыг үгүйсгэхгүй хэмээжээ. Дээрх баг мөн тэр үеийн цохиур болон бөмбөгийг дууриалган үйлдэж хүмүүст сонирхуулжээ. Хубилай хааны үед ордонд тоглож байсан поло тоглодог байсны баримтыг дэлхий нэгэнтээ сайн мэддэг бол тэнд бас монголчууд гольф тоглодог байсан болж таарлаа. Бидний дээдэс одоогийн дэлхийн дээдсийн зугаа гаргадаг тоглоомоор 800 жилийн өмнө тоглож байжээ.




O. Batbayar londongoos