Followers

Friday 1 February 2008

Манжийн Хааны манай хүү ба Баабар ах

Манжийн Хааны манай хүү ба Баабар ах

Сайн байна уу Баабар ахаа, Таньд шинэ оны мэнд хүргэж ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Шинэ оны өмнө та тун сонирхолтой нийтлэл бичсэнийг Оллоо хэмээх вэб сайтнаас олж уншлаа. Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж Олноо өргөгдсөн Монгол улсаа тунхагласан 1911 оны 12 сарын 29 түүхэн тэмдэглэлт өдрийг энэ оноос албан ёсоор тэмдэглэх болсонтой холбогдуулан та нийтлэл бичжээ.
Манж бол монголын холбоотон байсан учраас чухамдаа Хятадад хөрөнгөтний хувьсгал гарч Манж гүрэн нэгэнт байхгүй болсон тул манай монголчууд холбоотныхоо өмнө хүлээсэн үүрэг нь дуусгавар болсон тул тусгаар тогтнолоо зарлах нь энгийн бөгөөд бас ойлгомжтой логиктой зүйл хэмээн та бас Тайваньд уншсан лекцэн дээрээ хэлсэнийг уншсан. Монголыг хятадын салшгүй хэсэг хэмээн үздэг Тайванчууд, монголын томоохон түүхч таныг урьж үг алдуулахаар лекц уншуулсанд та логик ярьж өгчээ.
Логик ойлгодогүй Хятадууд харин бидний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бүр 1919 онд өөрснөөр маань автономит эрхээ устгах бичигийг өргүүлэн устгаж байдаг малнууд шүү.
Баабар ах та хэлжээ манай монголын хөлдүү марксист түүхчид улсын түүхийн номон дээрээ хятадуудыг гадаадын колончлогчид гэж буруу бичсэнээс хятадууд монголыг өөрийн нутаг хэмээн үздэг гэж. Тэр үнэн байхаа тэгэхдээ манай марксист түүхчдээс бүр өмнө жишээ нь 800 жилийн өмнө гадныхан биднийг өөрийн нэг хэсэг хэмээн үзээд байсан байгаа юм. Жишээ нь Зүрчидүүд манай Чингис хаанд Татарыг цуг дайлсаны дараа хязгаарыг захирагч цол олгосон байгаа юм. Бас Мин улс ч Монголыг ингэж үзэж байсан баримт байдаг. Эднийг таниараа бас нэг шүүмжлүүлэх хүсэлтэй байгаа. Тэд харин Маркист байсан эсэхийг бүү мэдээ. Манж монголын холбооон байсан гэж та зөв бичжээ, эхэндээ Монголоос бэр авч хүргэн болдог байсан манжууд сүүлдээ хүчирхэгжээд ирэхээрээ монголчуудыг Эфү буюу хүргэнээ болгодог болж, эхэндээ Их Юань гүрнийг сэргээнэ хэмээн монголчуудыг хошгируулж бас хашгируулсан Манжууд Монголын цэрэг ба эдийн засгийн хүчийг сүрхий ашиглаад сүүлдээ биднийгээ шаварт үсэргэсэн л хулхи холбоотон шүү дээ. Манжийг магтахад хязгаар хэрэгтэй байхаа, таныг ‘Манжийн хүү байхад маниар яах вэ ‘ гэж боддогүй байх гэж тааж байна.
Манжтай байлдаж сүрхий эсэргүүцсэн Ойрадууд таны логикоор холбоотныхоо эсрэг байлдсан өөдгүй хогнууд болж таарах нь. Ойрадуудыг хүйс тэмтэрсэн Манжуудын талаар иймэрхүү үзэл бодлоо харин баруун аймгуудад очихдоо болгоомжтой яриарай.
Та Манжууд монголоос ямар ч татвар авдаггүй байсан гэжээ, харин таны нөгөө шүүмжлээд байдаг Марксист түүхчид болох Болдбаатар, Далай гэх мэт хятад ба манж хэлтэй нөхдүүдийн сүүлчийн том бүтээл болох монголын түүхийн таван ботьдоо Шинэлэхийн жасаа, Түнлий номын жасаа, Сэтэртэй буюу төмөр сүргийн алба, харуулын алба, өртөөний алба, орон нутаг дахь Манжийн албаны захиргааны зардлын алба гээд л бөөн татварын талаар бичээд зогсохгүй таны төрсөн нутгийн алдарт То Ван Манжийн шударга бус албыг эсэргүүцээд дөнгөнд сууж цөлөгдөж байсан гэж бичжээ. Нэг бол та нэг бол тэд сүрхий ташаарчээ.
Манжийн эхний хүчирхэг хаан Нурхайч Хорчины ноён Мянганы охинтой суусан бол тэдний дундаас гарсан Гүен баатар бэйл, залгамжлагч Абахай нар ч Хорчин Монгол хатан авсан билээ. Монголоос сүүлд хөөгдсөн Сандо амбан ч монгол гэж та бичжээ. Манжийн хааны дээрх монгол цустай хүүхдүүд Манжид зүтгэсэн бусад монголчууд бидэнд гай болсон уу гэхээс гавьяа хийгээгүйг түүх нотолно шүү дээ. Манжийн эсрэг тэмцсэн Амарсанаа, Чингүнжав, Галдан Бошигтын сүнсийг тэгж гомдоогоод яах вэ?. Чухамдаа Хорчин Монголчууд л Хорчин Монгол эхтэй Манж эцэгтэй хөвгүүдтэй нийлж Монголын сүүлчийн Хаан Цахарын Лигдэнг мөхөөсөн билээ. Хэдэн жилийн өмнө Лондонгийн нэгэн музейд Манжийн хүргэн Цэрэн, Ойрдыг дарахад гавьяа байгуулсан, үхэхэд нь Манжын Хаадын шарилын сүмд оршуулсан цор ганц гадны хүн хэмээн нэгэн урвагчийн зураг харсан. Баабар ахаа монгол цустай байна гэдэг Монгол эх орондоо хайртай бас Монголын төлөө зүтгэж байсан гэсэн үг биш шүү дээ. Тийм учраас та болгоомжтой бичиж байгаарай.
Орчин үеийн жишээ гэвэл Сангийн сайд байхдаа улсын банкийг хувийн банктай нэгтгэж улмаар улс орныхоо эдийн засгийн хөгжлийг даруй хэдэн жилээр хойш татсан гол буруутанаар тодорсон та биш байхаа таньтай адил овог нэртэй нэг хүн байдаг бөгөөд энийг мулгуу би байтугай эдийн засаг, инфляц гадарладаг хүн болгон мэднэ шүү дээ. Хөөрхий талийгаач Жасрай гуай лав олон удаа, хөл дээр нь арайхийж босгосон эдийн засгийг нь хөмөрчихсөн тэр хүнийг шүүмжилж байхыг уншиж харж байсан, энэ буруутан хүн Архангайд төрсөн монгол цустай хүн л байсан даа.
Та 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ба 1990 оны ардчилсан хувьсгал хоёрыг эн зэрэгцэх аугаа явдал гэж дээрх нийтлэлдээ цухалзуулжээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол зүтгэлтнүүд болох Цэргийн яамны сайд Гомбосүрэн, Гадаад яавдлын сайд Ханддорж, Сангийн сайд Чагдаржав, Дотоод явдлын сайд Цэрэнчимэд нар бүгдээрээ нэг жил хүрэхгүй хугацаанд учир битүүлгээр амиа алдсан нь ямар их үнээр бидний эрх чөлөө олдож эдгээр хүмүүсийн өрнүүлсэн тэмцэл үргэлжилсээр 1921 оны хувьсгал гарч 1924 онд үндсэн хуулиа баталж, 1945 онд санал асуулга явагдаж, хатуу хэцүүг туулсаар бид НҮБ гишүүн болж 1961 онд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн улс болсон билээ. Бидний эцэг дээдэс ухаан зарж Гаминг Цагаан оросоор, Цагаан оросыг Улаан оросоор хөөлгөж эрх чөлөөгөө олж авсан биш үү. Таны муулдаг Чойбалсан чинь Өвөрмонголоо 1945 онд чөлөөлж хоёр монголоо нэгтгэх гэж зүтгээд Оростой муудаж амиа алдсан түүх ч байдаг.
Эрх чөлөөтэй улс орныг дампууруулаад байгаа та нарын гай нүгэл , алтан амиа төлөн байж бидэнд эрх чөлөө олж ирсэн баатарлаг өвгөдийн гавьяатай харьцуулах зүйл биш шүү. Тийм учраас Сүхбаатарын талбай дээр хэд хоног өлссөн та нарын 1990 оны ардчилсан хувьсгал аль ч утгаараа аймаар том юм биш . Дээрх 1911 ба 1990 оны хоорондахь түүхээ гээх аль эсвэл хараар будах нь том нүгэл шүү.
Польшид биохимич мэргэжлээр төгссөн өндөр боловсролтой ахыгаа ихэд хүндлэхийн ялдамд , тэдний усан онгоцны үйлдвэрийн слесарь Лех Валенса хувьсгал хийж, энэхүү слесарийн үзэл бодол таньд ертөнцийг өөрөөр харахад нөлөөлсөн гэж боддог. Харамсалтай нь энэхүү Лех Валенса сүүлд хэмжээгээ мэдээд улс төрөөс тэтгэвэрт гарсан гэдэг. Өнөөх польшууд хувьсгалаа хйичихсэн ч эдийн засаг нь саяхан болтол сайнгүй байсаар 2005 онд европын холбоонд элссэж, европын колони болсоноор , удирдагч нь слесарь байснаас тэгсэн юмуу бүгдээрээ энд Лондонд ирж эрчүүд нь слесарь ба барилгын ажил, эм нь ногоо зулгааж байгаа бөгөөд нутагтаа бараг хүн үлдээгүй гэдэг шүү. Тэдний буянаар Лондонгийн Монголчуудад харин ажил олдохоо больсон нь лав үнэн юмдаг. Тэгэхээр Польшууд чинь Баабар ахаа тийм ухаантай хүмүүс биш дэг шүү.
Шинэ он дөнгөж гармагц монголын дээдэс хөрөнгө мөнгөний төлөө эх орныхоо газар шороог лиценз болгон худалдахаас гадна, иргэдээ хор уулгаж мөнгө олдог бузар жигшүүрийн зах зухаас цухуйж ( http://www.sonin.mn/?p=17269)
үүнээс хойш 3 долоо хоноод байхад ард түмний маань Хөхөө шувуу болон дуугардаг та минь хошуугаа хөлдөөхөөс айсан юм уу таг чиг. Лондонгийн Империал коллеж хэмээх эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулдаг сургуульийн диплом олгодоггүй богино хэмжээний курсэд таныг биохимийн чиглэлээр хэд хоног сууж байсан гэж сонссон, бас мэргэжлийн хор судлаач хорчин- биохимич хүн болохоор ийм эмгэнэлт явдал болж байхад архины эсрэг бичиж ард түмэндээ ухаарал хайрлаж суухын оронд 47 дугаар уртраг энэ тэр гээд зөгнөлт зохиол бичээд сууна гэж таныг бодоогүй шүү.
Лондонгийн энэ сургууль ч гэж сургууль монголын томоохон улс төрч суралцаж байгааг мэдээгүй англичууд нөхөж хүндэт доктор ядаж мастер бүр ядаж энгийн диплом олгочихгүй.
Шинэ он гараад бас Буриадын нэгэн автономит муж Уст Орд газрын хөрснөөс арчигдаж (ttp://tsahimurtuu.mn/main/20060406492.htm) сүүлийн 2 жил эх оронч түүхээ хүндэлдэг хүн бүр энэхүү доромжлолыг эсэргүүцэж бухимдаж байхад та минь бас л таг чиг Зүүн Хойд Ази, Хоёр Солонгосыг нэгтгэх асуудлаар завгүй давхиад байх юм.
Монгол дахь байгаль орчны бохирдол, гадныхны даварсан байдал, хотын утаа, гэмт хэрэг, авилгал, улс төрийн бохир заваан хуйвалдаан гээд тулгамдсан бичих
ёстой, тэр тусмаа дотор нь байж муу сайныг нь бүхнээс илүү мэддэг тань шиг хүн гаргаж тавих ёстой асуудал зөндөө байхад та яагаад бичдэггүй юм бэ?
Баабар ахаа цаг үеээ мэдэрч цаг үеэсээ түрүүлж сэтгэж бичээч. Зөвхөн МАХН ба тэдний удирдагчийн доодохыг шагайж бичнэ гэвэл та өөрөө жижигрээд байнаа, жижиг сэдэв чинь таныг бариад байна, бас үнэн түүхийг засах гэвэл түүхийрүүлээд өөрөө бүдэрч унахаар байнаа, тийм учраас Баабар ахаа энэ сайхан толгойгоо элэг нэгт монголчуудаа ардчилсан ба коммунист гэж хувааж, эх түүхээ марксист ба ардчилсан, иргэдээ хөгшин ба залуу гэж хуваан хагаралдуулж хутган үймлэх биш харин тэднийгээ нэгтгэн, хөгжин дэвшихэд нь хэрэгтэй зүйлийг бичэхэд зориулаарай гэж шинэ ондоо хүсье.
Хүндэтгэсэн
О.Батбаяр Лондон